Энэ жилийн баяр наадам их сайхан болсон шүү. Наадмаар олон ч эртэй, бяртай залуучууд начин, харцага, заан цолны болзол хангасан. Наадмын дараагаар Баяр наадмыг зохион байгуулах хорооноос шөвгөрсөн 32 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Гэтэл сэргээшийн шинжилгээнд хамрагдсан 32 бөхөөс хоёрынх нь хариу сөрөг буюу сэргээш хэрэглэсэн гэж гарсан байна. Энэ хоёр бөх хэн, хэн байсныг Баяр наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд дэлгэсэн. Гэтэл тэдэнд ямар хариуцлага тооцох бол гэсэн олон түмний хүлээлт талаар болсон бололтой. Сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь нэгэнт тодорхой болсон Улсын харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогбаяр нарт Баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан байна. Нэгэнт цолоо авчихсан бөхөд наадмын эрхийг нь хоёр жилээр хасна гэдэг нь үнэндээ л асуудал биш шүү дээ. Ингээд харахаар үндэсний бөхийг дэмжих, шүтэн бишрэх ямар ч хүсэлгүй болчихож байгаа юм л даа. Хүсэх л юм бол та ч сэргээш хэрэглэж байгаад улсын цолонд хүрчихэж болно шүү. Бөхийн бэлтгэл, хүчний бэлтгэлээ сайхан хийж байгаад наадмаас өмнөхөн сэргээшээ хэрэглэчихээд улсын цолонд хүрнэ дээ. Тэгээд дараа нь Баяр наадмыг зохион байгуулах хорооноос нь шинжилгээ авна л биз. Шинжилгээ сөрөг гарна л биз, хамаагүй. Гол нь улсын цол нь үлдэх юм шүү дээ. Нэг цол авчихаад хоёр жил өнжчихөд юу нь болохгүй байх вэ дээ. Тэгээд ч ард түмэнд аятайхан зөөлрүүлж хэлэх үгтэй шүү дээ. “Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон шинжилгээг буруу хийсэн”, “Бие жаахан өвдөөд бэлдмэл хэрэглэсэн, ингэж балрахыг мэдсэнгүй” энэ тэр гээд хүмүүсээр өрөвдүүлэх ганц нэг үг хэлчихнэ. Тэгээд л болчих юм биш үү. Ингээд улсын цол авчихсан байхад нутгийн бизнесмэн ах нар хүртэл ах дүү болно шүү дээ. Унаа авч өгнө, байр бэлэглэнэ, сар бүр цалинжуулна, боловсролд хүртэл анхаарна. Ингээд тэднийхээ итгэл дээр жаахан тоглолт хийж байгаад өөрийн гэсэн бизнестэй болоод авна. Ингэсэн цагт үндэсний бөхөөр дахин барилдах эсэх нь үнэндээ л сонин биш шүү дээ. Манай үндэсний гэх спорт эхлэл хэсэгтээ ч ийм л байсан, одоо ч ийм л байна. Цаашид ч ийм л байх төлөвтэй. Ер нь бол үүнийг л хөгжил, дэвшил гээд байдаг биз дээ.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин