Автобусны шинэ чиглэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Автобусны шинэ чиглэлтэй боллоо

Нийслэлийн нийтийн тээврийн газар өнөөдрөөс эхлэн М:56 чиглэлийн автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Тус автобус нь “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” гэсэн чиглэлийн дагуу буюу Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Алтан-Өлгий орчим, Монелийн гудамжны зорчигчдод үйлчлэх юм. Өнгөрсөн жил Монелийн гудамж дагуу  хоёр км шинэ зам тавьсан тул том оврын автобусаар зорчиход асуудалгүй болсон байгаа.  Тиймээс өнөөдрөөс эхлэн автобусны 56 дугаар чиглэлийг нээж байгаа бөгөөд  М:56 буюу “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар” чиглэл нь Монелийн 38 дугаар гудамжаас хот тал руу явахдаа 430-р худаг, Цайз зах, 72-р хотхоноор дайран Офицеруудын ордон хүрч, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музей гэсэн буудлуудад зогсох ажээ. Улмаар хойшоо эргэж, Сансрын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу явахдаа Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Алтан өлгий, Монелийн гудамж руу явах ажээ. Сануулахад, 2011 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зургаан  чиглэлийг шинээр нээж, найман чиглэлийг сунган, 14 чиглэлийн замд өөрчлөлт оруулсан байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж