Театрт америк удирдаач ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Театрт америк удирдаач ирлээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх бямба гаригт буюу энэ сарын 26-нд А.Батдэлгэрийн “Атилла” буюу “Тэнгэрийн ташуур” балетыг тавих гэж буй. Энэхүү балетын симфони найрал хөгжмийг удирдах АНУ-ын Стэйнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жиндон Кэй театрт зочлоод байгаа юм. Тэрбээр хэдийн симфони найрал хөгжимчдийн хамт бэлтгэлдээ орсон бөгөөд удахгүй нээлтээ хийх “Атилла”-г удирдаж байгаадаа баяртай байгаагаа уламжилсан. Түүнийг симфони найрал хөгжичдийн хамт бэлтгэлээ хийж байх үеэр нь цөөн хором уулзлаа.

-Та анх удаа Монгол балетыг удирдах гэж байна, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголд дахин ирсэндээ баяртай байна. Би өмнө нь Монголын дуурийн театрт дэлхийн сонгодог бүтээлүүдийг удирдаж байсан. Энэ удаа би анх удаа тайзнаа тавигдаж байгаа “Тэнгэрийн ташуур” балетыг удирдах болсон. Энэ нь тэр тусмаа Монголын үндэсний баатар. Дэлхийн баатрын тухай үйл явдалтай балет учраас их сэтгэл догдолж, баяртай хүлээж авч байна.

-Мэргэжлийн хүний хувьд “Тэнгэрийн ташуур” балет танд ямар санагдав?
-Энэ балетын түүх нь өөрөө маш гайхалтай юм. Хөгжим, бүжиг бүгд надад маш их таалагдсан. Үнэхээр таатай сайхан байна.

Сонирхуулахад АНУ-ын Стэйнфордын их сургуулийн профессор, хөгжим судлаач, удирдаач Жиндон Кэй нь өмнө манай улсад хэд хэдэн удаа ирсэн бөгөөд Ж.Бизэ “Кармен”, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг удирдаж байсан юм. Тэрбээр өдгөө Монгол Улсад зургаа дахь удаагаа ирээд байгаа юм. Дашрамд дурдахад “Тэнгэрийн ташуур” балетын нээлтийн тоглолтод “Монгол Костюмс” хамтран ажиллаж, “Хүннү” коллекцио танилцуулах юм билээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж