Мэргэжлийн диплом олгож, залилан хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн диплом олгож, залилан хийжээ

Боловсролын тухай хуулиараа бол мэргэжлийн диплом гэсэн ойлголт огтхон ч байхгүй. Харин мэргэжлийн үнэмлэх л гэж байх учиртай. Тэгвэл 45 хоногийн курс хичээллүүлж, мэргэжлийн диплом олгосон залилангийн хэрэг Дархан-Уул аймагт бүртгэгджээ. Улаанбаатар хотын харъяат Д.Нямаа гэгч цэцэрлэгийн багш болон туслах багшийн сургалт явуулж, цэцэрлэгийн багшид “БАГШ” гэсэн мэргэжлийн диплом олгосон бол туслах багшид сертификат олгосон байна. Сургалтын төлбөр гээд 195 болон 215 мянган төгрөгийг бэлнээр хураасан байна. Нийтдээ 60 удаагийн үйлдэл бүртгэгдсэний 30 нь Дарханы хүмүүсийг залилсан хэрэг үйлджээ. Боловсрол судлалын холбоо гэх төрийн бус байгууллагын тамга тэмдэг бүхий мэргэжлийн дипломыг Боловсрол дээд сургууль олгосон гэх. Харин боловсрол дээд сургууль бол аль эрт татан буугдсан гэдгийг нотолжээ. Ерөнхий боловсрол эзэмшсэн бол дөрвөн жил, харин баклаврын түвшний боловсролтой бол хоёр жил сурч байж, цэцэрлэгийн багшийн диплом авах учиртай. 45 хоног сураад яаж ч бодсон диплом авах боломжгүй гэдгийг хэлсэн аж.

Хуурамч дипломын энэ хэрэг цагдаагийн газрын мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Хамгийн гол нь хохирсон өөр иргэд байвал яаралтай цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэйг онцолсон. дөрвөн жил сураагүй байхад янз бүрийн хичээлийн дүн зохион тавиад, үнэлгээний голчийг ч хуурамч дипломонд бичжээ. Үүнээс гадна төгсөлтийн комиссын дарга, доктор Энхбаатар гэх нэр тавьж, гарын үсэг зурсан нь ч аль хэдийн бурхан болсон хүний нэрийг хүртэл хууль бус үйлдэлдээ ашигласан байна. Сургалтын зөвшөөрөл гэж харуулж байгаа зүйл нь хүртэл хуурамч гэдгийг цагдаа нар хэлж байсан. Жолооч бэлтгэх курс хүртэл хоёр сарын хугацаатай болчихоод байхад, багш гэсэн мэргэжлийн дипломыг 45 хоногийн хугацаанд олгоно гэдэг ямар ч эрүүл ухаанаар бодсон бүтэхгүй зүйл учраас иргэдийг өөрсдөө сургалтын төв, сурах газраа зөв сонгож байх хэрэгтэйг анхааруулав.


У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж