Сэлэнгэ мөрөнд машин унажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ мөрөнд машин унажээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын  II багийн нутаг Овооны хадан гэдэг газрын ойролцоо арваннэгдүгээр сарын 20-нд буюу өнгөрсөн ням гаригт  52-42 ХӨВ улсын дугаартай “Хюндай Маяти“ маркийн автомашин Сэлэнгэ мөрөнд осолдсон байна. Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын албан хаагчид  орон нутгийн иргэд ослын газарт ажиллаж, өчигдөр өдрийн 14:30 цагийн үед гаргаж авсан байна. Жолооч ганцаараа байсан бөгөөд мах тээвэрлэж явсан машины хойд хэсэг мөрөн рүү цөмөрч орсон байна. Жолооч бэртэж гэмтээгүй болохыг холбогдох хүмүүс хэллээ.
Түүнчлэн Завхан аймгийн Их-Уул сумын иргэн Б /53 настай, эмэгтэй/ Идэрийн голд энэ сарын 21-нд унаж, осолдсон  дуудлагын дагуу тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Аврах, гал унтраах 39 дүгээр ангийн албан хаагчид очсон боловч одоог хүртэл сураг гаргаагүй байна. Эрэлд туслахаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах салбарын 10 албан хаагч очиж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байга ажээ.

Нийт нутгаар гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөстсөн ч  уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байгаа учир мөсний даац хүн, мал, автомашин зорчиход энэ мэт осол гарах магадлалтай байгаа тул  иргэд, малчид, жолооч тээвэрчид зам товчлох  зорилгоор гол мөрөн гаталж, баталгаагүй зам гүүрээр зорчсоноос гол мөрөнд осолдох, цөмрөх тохиолдол гарсаар байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж