Тэргүүн хатагтайн ганцаардмал амьдрал

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтайн ганцаардмал амьдрал

Польшийн удирдагч асан Лех Валесагийн гэргий Данута Валеса дурсамжийн номоо хэвлүүллээ. Эр нөхөр нь төрийн тэргүүнд гарч, эрх мэдэлд умбаж байх үед түүний амьдрал хэрхэн ганцаардал, уйтгар гунигаар дүүрэн байсныг тэрбээр өгүүлжээ.

Данута 1990-95 онд Польшийн тэргүүн хатагтай байсан бөгөөд түүний нөхөр тус орны анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч билээ. Лех Валесагийн тэргүүлсэн Эв нэгдлийн нам Польшид коммунизмыг түлхэн унагахын төлөөх тэмцлээрээ олон улсад ихээхэн нэр хүнд олсон юм. Харин нэр хүнд, суу алдар, эрх мэдлээр тодорхойлогдох тэр амьдралын хөшигний ард Данута найман хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх амаргүй ажилд ганцаардан, шаналж байжээ. Тэрбээр “Мөрөөдөл ба нууц” хэмээх номондоо “Өглөөнөөс шөнө дөл хүртэл манай гэрт намын гишүүд, улс төрчид, сэтгүүлчид гээд тоо томшгүй олон хүмүүс хөлхдөг байлаа. Гэр орон гэхээсээ илүүтэй олон нийтийн бум бужигнасан газар шиг байсан” хэмээн бичжээ. Данута бие давхар, цүдгэр гэдэстэй байхдаа ч гэрт нь зочлох тэр олон хүмүүст хоол унд хийн, цэвэрлэгээний ажил хийдэг байв. Өөрийнх нь хэлснээр тэр ээж, багш, тогооч, үйлчлэгч, цэвэрлэгч гээд маш олон үүргийг гүйцэтгэдэг байв.

Данута энэ номоо хоёр жилийн турш бичсэн гэнэ. Түүний нөхөр эхнэрийнхээ дурсамжийн номыг уншиж амжаагүй байгаа ч эхнэртээ цэцгийн баглаа бэлэглэхээ мэдэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж