Тесла цахилгаан машины эринг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Тесла цахилгаан машины эринг эхлүүлнэ

АНУ-ын автоамашин үйлдвэрлэгч Тесла Моторс компани хоёр сарын дараа автомашины захиалга авахаа түр зогсоож, цахилгаан суудлын автомашины “Model S” загварт бүх анхаарлаа хандуулах гэж байна.

Тус компани “Model S” цахилгаан загварын автомашиныг үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө 109,000 ам.долларын үнэтэй хоёр хүний суудалтай “Roadster” автомашиныг үйлдвэрлэсэн нь тус компанийн нүдийг нээж өгчээ. Тесла компани “Roadster”-ийг их хэмжээгээр үйлдвэрлээгүй ч, 2011 оны дөрөвдүгээр сарын байдлаар уг загвар Умард Америк, Европ, Азийн орнуудад аль хэдийн 1,650 ширхэг борлогдсон байна.

Харьцангуй удаан хугацаанд шалгагдаж, соригдож үзсэний дүнд “Roadster” цахилгаан автомашин электрон машинд хандах хүмүүсийн хандлагыг өөрчилж эхэлсэн байна. “Roadster” автомашин нь дөрвөн секундын дотор 90 км/цаг хурдалж, нэг цэнэглэлтээр 400 км зам туулах хүчин чадалтай. Тиймээс Тесла компани “Roadster” цахилгаан автомашинаас өөр цоо шинэ загварын автомашиныг үйлдвэрлэхээр үйлдвэрлэлийн нөөц бололцоо, хүчин чадлаа бүгдийг нь дараагийн шинэ загварт хандуулж байгаа ажээ.

Тесла компани 2012 оны дунд үеэс эхлэн “Model S” загварыг худалдаанд гаргахаар зэхэж байгаа ба худалдах эхний үнийг 58,000 ам.доллараар тогтоожээ. Уг автомашин нь 250 км/цаг хурдлах чадалтай ба нийт гурван эгнээ бүхий долоон хүний суудалтай ажээ. Тесла компани 2013 он гэхэд “Model S” загвараас 20,000 ширхэгийг борлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн тус компани “Rav4” автозагварын цахилгаан загвар, “Smart ForTwo” автозагварын цахилгаан загваруудыг хамтран үйлдвэрлэхээр Toyota, Daimler зэрэг компаниудтай бизнесийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж