-Танай энэ төслийг ерээд оны дундуур хэрэгжиж байсан Ядуурлыг бууруулах төслийн үргэлжлэл гэж үзэж болно байз?
-Болно. Улс орны хөгжлийн явцтай уялдаад нэр томьёо нь ч, агуулга нь ч өөрчлөгдөж байгаа. Сүүлд “Тогтвортой амжиргаа”-г хангах чиглэлээр энэ төсөл хэрэгжиж иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, амьдрах ухааныг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн. Харин 2009 оноос “Тогтвортой амжиргаа-2” төсөл нь бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага,, олон нийтийн санаачилгын сан, бичил санхүүгийн хөгжил гэсэн гурван бүрэлдүүн хэсгээр хэрэгжиж байгаа.
-Энэ төсөл хэдий хүртэл үргэлжлэх бол?
-2012 он дуустал хэрэгжинэ. Дараа нь “Тогтвортой хөгжил-3” төслийн тухай одоо ид яригдаж байна.
-Аан тэгвэл одоо хэрэгжиж байгаа төслийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Хангалуун байлгүй яахав. Сая Дэлхийн банкнаас том ажлын хэсэг ирж шалгаад маш өндөр үнэлгээ өглөө. Манай аймагт 1,6 тэрбум төгрөгөөр 361 төсөл хэрэгжиж байна. Төслийн хэрэгжилт, үр дүнг тэр өндөр түвшний шинжээчид сайн үнэлж байна лээ. Өлзийт, Дэлгэрцогт, Гурвансайхан суманд энэ төслүүд хэрэгжиж байгаа туршлагыг улсын хэмжээний 329 суманд нэвтрүүлэхээр болж ном нь бэлтгэгдэж байна. Өлзийт сумын Соёлын төвийн ардын авьяастнууд Их газрын чулуун дахь байгалийн задгай театрт очиж тоглолтоо олон нийтэд сонирхууллаа. Дэлхийн банкны нөхөд ч үзэж сонирхоод сэтгэл их хөдөлсөн. Төсөл хэрэгжиж байгаа сумын авьяастнуудаа дэмжих хэрэгтэй гэдэг утгаар төслөөс гадуур эдний соёлын төвд пургон машин өгөхөөр шийдвэрлэсэн. Сумынхаа төдийгүй аймгийн хэмжээнд урлаг соёлоор үйлчлэхэд эднийх унааны бэрхшээлээс гарлаа гэсэн үг. Сайнцагаан сумын Г.Шүрэнцэцэг, Дэлгэрцогт сумын Ю.Дашдаваа гээд төслийн хоёр ажилтан Солонгос улсад долоо хоног аялахаар явж байна. Энэ бол ажлын нь үр дүнг үнэлсэн хэрэг.
-Бодитой ажлаас нэрлэвэл?
-Адаацаг сум гэхэд төслийн хөрөнгийг тарамдуулалгүй жил бүр нэг бодит зүйл бүтээдэг. Тэд дөрвөн өрөө чийрэгжүүлэлтийн тохилог танхим барьсан. Эмч нарын дөрвөн айлын сууц ашиглалтад өгсөн. Одоо “Ахмадын өргөө” бариад дуусч байна. Саалийн үнээний ферм байгуулсан. Эдгээр нь тус бүрдээ 19-23 сая төгрөгөнд багтсан бүтээн байгуулалтууд. Бага хөрөнгөөр хэрхэн бодитой зүйл хийж бүтээж болохын амьд жишээ энэ.
-Жишиг сумын тухай яригддаг. Энэ талаар юү хэлэх вэ?
-Ер нь сумдын газар нутгийн хэмжээ байршил, үйлдвэрлэлийн цар хүрээ, хүн амын тоо зэргээс хамаараад төслийн хөрөнгө харилцан адилгүй ногддог. Сум бүрд жилдээ 9-17 сая төгрөгөнд багтаан төслийг шалгаруулан хэрэгжүүлдэг. Харин жишиг суманд бол өөр. Аймгийн хэмжээнд нэг л жишиг сум сонгодог. Тэр нь Хулд сум. Тэнд жил бүр 90 сая төгрөгийн төсөл хэрэгжиж байна. Харамсалтай нь тэнд төслийн үр дүн тааруу байна. Иймээс жишиг сумын сонголтоо өөр суманд шилжүүлэх үү гэсэн асуудал ч яригдахад хүрлээ.
-Ер нь ямар төсөл голлон хэрэгжиж байна?
-Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын хүрээнд бэлчээр хаших төсөл голчилдог. Олон нийтийн санаачилгын сан болохоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэцэд хөрөнгө оруулалт хийж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр хүн ардын амьдралын түвшинг дээшлүүлэхэд үнэлж баршгүй тус хүргэж байна даа.
-За баярлалаа