“Баейрн”, “Интер”, “Реал” хэсгээ тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

“Баейрн”, “Интер”, “Реал” хэсгээ тэргүүлэв

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн шатны ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Нийт найман хэсгийн эхний дөрөвт сугалаа таарсан багууд хэсгийн шатны тав дахь тоглолтоо хийсэн юм. Улмаар А хэсгийг “Баейрн Мюнхен”,  В хэсгийг “Интер Милан”, харин D группийг “Реал Мадрид” тэргүүлэх нь тодорхой болов.

Европын хөлбөмбөгийн топ төвшинд анх удаа шандас сорьж буй Английн “Манчестер Сити” өнгөрсөн шөнө “Наполи”-гийн талбайд зочилж, 2:1 харьцаатай ялагдал хүлээсэн. Талбайн эздээс уругвай довтлогч Эдинсон Кавани тоглолтын 17 дахь минутад багтаа тэргүүлэл авчирсан бол Роберто Манчинигийн “цэргүүд”-ээс Балотелли 33 дахь минутад тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын эхний үе тэнцээгээр өндөрлөж, 15 минутын завсарлагааны дараа багууд талбайд гарч ирсний дараахан Кавани дубль хийснээр багтаа тун чухал ялалт авчирчээ. Ингэснээр “Наполи”-чууд найман оноотой болж, “Баейрн”-ы араас хоёрдугаарт бичигдэх болов. Харин Германы багийн тухайд өнгөрсөн шөнө “Вильярреал”-ыг талбайдаа хүлээн авч, өрсөлдөгчөө 3:1 харьцаатай төвөггүй буулган авснаар шөвгийн 16-гийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. “Баейрн”-ы бүрэлдэхүүнд Рибери дубль хийж, Марио Гомез мөн нэг гоол оруулсан бол зочин багийн нэр төрийн гоолыг Жонатан де Гузман оруулжээ. Таван тоглолтын дараах байдлаар “Баейрн Мюнхен” дөрөв хожиж, нэг тэнцсэнээр 13 оноотой хэсгээ тэргүүлэх нь тодорхой болоод байна. Харин “Вильярреал” өрсөлдөөнөөс нэгэнт хасагдсан бол “Наполи” болон “Ман Сити” багууд хэн нь Аваргуудын лигт үлдэж, хэн нь Европа лигт өрсөлдөхөө шийдэхийн тулд тус тусын учраагаа зайлшгүй хожих даалгавартай үлдэж байна. Сануулахад, Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд арванхоёрдугаар сарын 6, 7-нд болох юм.

В хэсгийг Италийн “Интер Милан” тэргүүлэх нь тодорхой болсон. Өнгөрсөн шөнө Туркийн “Трабзонспор”-ын талбайд зочилж, 1:1 харьцаатай тэнцсэн ч 10 оноотой болсноор 2010 оны аваргууд хэсгийн шатны сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран В хэсгийн ялагч болох нь нэгэнт шийдэгдээд байна. Харин Туркийн баг зургаан оноотой хэсэгтээ хоёрдугаарт бичигдээд байгаа юм. Мөн энэ хэсэгт багтсан Францын “Лилль” Москва хотноо “ЦСКА”-г 2:0 харьцаатай хожсоноор хоёул адил таван оноотой болоод байна. Тэгэхээр ирэх сарын 6, 7-нд болох хэсгийн шатны сүүлийн тоглолтоос дээрх гурван багийн аль нь тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх нь шийдэгдэх юм.

С хэсгийн гол тоглогч “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө “Олд Траффорд” цэнгэлдэхдээ “Бенфика”-г хүлээн авч, тоглон 2:2 харьцаатай тэнцжээ. Фил Жоунс авто гоол хийснээр багаа хөөдсөн бол гэмтэлтэй байгаа Уейн Рүүниг орлон талбайд гарсан Димитар Бербатов тэнцээний гоолыг оруулжээ. Улмаар Флечтер 59 дэх минутад багтаа тэргүүлэл авчирсан ч гоолоос хойш ердөө хоёрхон минутын дараа Пабло Аймар тооны харьцааг тэнцүүлсэн байна. Ийнхүү таван тоглолтын дараагаар “Бенфика”, “МанЮ” багууд ижил есөн оноотой болж байна. Португалийн баг ирэх сард талбайдаа хийх сүүлийн тоглолтдоо харьцангуй сул өрсөлдөгч болох Румыны “Оцелул”-ыг хожвол хэсгээ тэргүүлнэ. Харин “МанЮ” сүүлийн тоглолтод “Базель”-иас наанадаж нэг оноо салгаж байж шөвгийн 16-гийн шатанд шалгарна. Өнгөрсөн шөнийн “Базель”, “Оцелул”-ын тоглолт 3:2 харьцаатай Швейцарийн багийн ялалтаар өндөрлөсөн юм.

Харин D хэсэгт Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ Хорватын “Динамо Загреб”-ыг хүлээн авч, 6:2 харьцаатай бут ниргэснээр хэсгээ манлайлах нь тодорхой болсон. Хэсгийн шатанд 100 хувийн амжилт үзүүлж буй тэд сүүлийн тоглолтоо Голландын “Аякс”-тай хийнэ. “Аякс” өнгөрсөн шөнө “Лион”-ы талбайд зочилж, хуурай тэнцсэнээр найман оноотой болсон бол “Лион” таван оноотой байна. Энэ хэсгийн сүүлийн тоглолт “Аякс”, “Лион”-ы хэн нь хасагдах шатанд шалгарах эсэхийг шийднэ.

Харин өнөө шөнө үлдсэн дөрвөн хэсгийн ээлжит тоглолтууд болох юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж