Тимошенкогийн бие муудсаар байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Тимошенкогийн бие муудсаар байна гэв

“Байгалийн хийн” асуудлаар ял эдэлж байгаа Украины экс-ерөнхий сайдын биеийн байдал улам улмаар доройтсон гэнэ. “Батькивщина” намын удирдлага олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад ил захидал өөрсдийн лидерийн биеийн эрүүл мэндийн байдлаар өгүүлжээ.

“Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага, Бүх Украины эрүүлийг хамгаалах байгууллагад “Батькивщина” намын удирдлага аргагүйн эрхэнд хандаж байна. Бид эдгээр байгууллагад манай лидер Юлия Тимошенкотой тулгарсан учир байдлыг танилцуулан түүнд туслахыг гуйж байна” хэмээн тус намын нэгдүгээр орлогч дарга Александр Турчинов мэдэгджээ.

Түүний хэлснээр Юлия Тимошен­когийн биеийн байдал улам доройтон амь насанд нь аюултай болоод байгаа аж. “Тимошенкогийн ууц, нурууны өвчнөөс гадна шүүх хурлын үеэр гарч байсан шинж тэмдэг улам тодорсон. Тодруулбал, биеэр нь хөхөрсөн толбо гарч зарим нь 15 см хүртэл хэмжээтэй байна” гэж улстөрч анхааруулжээ.

Экс ерөнхий сайдыг эмчилж байгаа эмчтэй нь уулзахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эрх баригчид эмнэлгийн байгууллагаар шинжилгээ хийлгэхэээс татгалзаж байна. “Тодруулбал, түүнийг эмчлэхээс татгалзаж байна” хэмээн Турчинов хэлжээ. Эмч нар өвчний оношийг тогтоох боломжгүй байгаагаас эмчилгээ хийж чадахгүй байгаа гэдгийг тэрээр нэмж өгүүлжээ.

“Тэрээр 15 дахь хоногтоо орноосоо босч, бие даан хөдөлж чадахгүй байна. Биеийн байдал нь муудсанаас гэх шалтгаанаар өмгөөлөгч нар, охиныг нь түүнтэй уулзуулахгүй байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтыг нь хорих өрөөнд нь явуулан байцаалтаар “эмчилж” байна. Энэ бол байж боломгүй зүйл” гэсэн Турчиновын үгнээс иш татан Оросын “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Юлия Тимошенко хоёр долоо хоногийн турш эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг экс-ерөнхий сайдын өмгөөлөгч бөгөөд парламентын депутат Сергей Власенко  мэдэгдсэн байна. Парламентад Засгийн газрын цагаар тэрээр ярихдаа өмгөөлөгч нь экс-ерөнхий сайдыг эмнэлэгт оншилгоо хийлгэн эмчлэхийг шаардсан байна. Мөн тэрээр хорих газар мөрдөн байцаалт явуулж байгаа татварын мөрдөн байцаагчдыг шүүмжилжээ.

Үүний хажуугаар Украины Эрүүл мэндийн сайд Александр Анищенко парламентад мэдээлэл хийхдээ Тимошенкод үзлэг хийсэн эмнэлгийн комисс рентген шинжилгээ хийх шаардлагатай гэсэн гэжээ. Сайдын яриагаар асуудлыг шийдэх давж заалдах шүүх удахгүй шийдвэрээ гаргах гэнэ. Сайд мөрдөн хорих газар байцаалт авч байгаа нь хууль, журамд харшлаагүй гэсэн байна.
Сануулахад, Юлия Тимошенко урьдчилан хорих төвд 100 гаруй хоног хоригдож байна. Киевын Печорын тойргийн түүх 2009 оны байгалийн хийн гэрээ байгуулахдаа экс-ерөнхий сайд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гээд түүнийг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж