”Саатуулагдсан залуус өөрсдийгөө буруугүй гэсэн”

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

”Саатуулагдсан залуус өөрсдийгөө буруугүй гэсэн”

БНХАУ-д хоёр залуу хар тамхины хэргээр саатуулагдсан,  Москва хотод суух Монголын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга тамхины хэргээр Польш улсад саатуулагдсан гэх мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой ярилцлаа.

-Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-д саатуулагдсан Монгол Улсын хоёр иргэний асуудал юу болж байна вэ. Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авч байна?  

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд аль нэг улсад асуудалд орсон тохиолдолд тухайн улсад суугаа манай улсын элчин сайдын яамны ажилтнууд заавал очиж уулздаг. Манай иргэний эрхийг зөрчсөн байна уу, баривчлах үндэслэл нь зөв байна уу гэдгийг нягтлаад хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх ёстой.  БНХАУ-д манай улсын хоёр иргэн хар тамхины хэргээр саатуулагдсан нь үнэн. Гэхдээ тэдний гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. БНХАУ-аас Гадаад харилцааны яаманд энэ тухай албан бичиг ирсэн. Тиймээс Бээжин хотын цагдан хорих төвд саатуулагдаад байгаа хоёр иргэнтэй Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд уулзсан. Тэд өөрсдийгөө гэм буруугүй гэсэн тайлбарыг өгсөн юм билээ.

-Тэднийг оюутнууд гэх мэдээлэл байгаа. Хятадын ямар сургуульд сурч байсан юм бол?

-Энэ асуудал хувь хүнтэй холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлогдоогүй шүү дээ. Харин гэмт хэрэг хийсэн нь батлагдаад, ял шийтгэл авбал энэ талаар тодорхой мэдээлэл өгч болох юм. Мөн саатуулагдсан байгаа хоёр хүн нь оюутан гэх баталгаа байхгүй, хэвлэлээр оюутнууд гэж бичээд байгаа.

-Дээрх хоёр иргэнийг биедээ 500 грамм хар тамхи авч яваад баригдсан гэх  мэдээлэл  бий. Энэ үнэн үү?

-Хэдий хэмжээний хар тамхи авч явсан талаар  бидэнд мэдээлэхгүй шүү дээ. Харин шүүх хурлын үеэр энэ бүхэн нь тодорхой болох байх.

-Залуусын ар гэрийнхэн нь Бээжинд очих талаар танайд хүсэлт гаргасан уу?

-Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. БНХАУ-д зорчиход визний хүндрэл, бэрхшээл байхгүй. Ар гэрийнхэн нь уулзахаар явахад чөлөөтэй. 

-БНХАУ-ын талаас энэ хэргийн талаар мэдээлэл гаргахгүй байх хүсэлтийг танай яаманд ирүүлсэн гэх мэдээлэл бий?

-Тийм асуудал огт байхгүй. Ташаа мэдээлэл байна. Хэргийг шалгаж байна гэдэг мэдээллийг л ирүүлсэн.

-БНХАУ-д Монгол Улсын арав гаруй иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэж хэвлэлүүд  бичиж байна. Энэ тоо бодит байж чадах уу?
 
-БНХАУ-д ял эдэлж байгаа хүмүүсийн тоог тодорхой хэлмээргүй байна. Гол  төлөв энэ төрлийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүмүүс бий.  Гадуур яриад байгаа шиг арав гаруй хүн ял эдэлсэн зүйл байхгүй.  Харин шалгагдаж байгаа  10 гаруй хүн байгаа гэх албан бус мэдээ байна.

-Швед улсад хүн амины хэрэгт холбогдсон С.Бат-Отгоныг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болох байсан. Шүүх хурлын тов гарахгүй удаж байгаа шалтгааныг тайлбарласан уу? 

-Тухайн үед болсон үйл явдлыг сайн нягталж үзэх шаардлагатай байгаа гэсэн. Тухайлбал  аргагүй хамгаалалт байсан эсэх,  ДНК-ийн шинжилгээ гээд шалгах зүйлүүд нэлээд байгаа юм билээ. Мэдээж бүх зүйлийг эцэслэн шалгаж дуусч байж шүүхэд шилжүүлнэ шүү дээ. Швед улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан энэ асуудалд анхаарал хандуулсан хэвээр байгаа.

-Польш улсад тамхины хэргээр саатуулагдсан ЭСЯ-ны ажилтан А.Батсайханы асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн үү?

-Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг Польш улсын хууль хяналтынхан гурван сарын  хугацаатай хорихоор болсон. Түүнийг гурван сар хорьж, асуудлыг шалгахаар болсон тухай Польш улсын прокурорын газраас манайд мэдэгдсэн байгаа. Хорино гэдэг нь шалгана гэсэн үг шүү дээ. Баривчлах үеэр энэ хүн ямар нэгэн хууль зөрчсөн асуудал үүсгээгүй байсан юм билээ. Тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа Польш улсад аялж явсан. Польш улсын талаас бидэнд өгсөн мэдээлэлд “А.Батсайхан 2004-2007 онд Варшав дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажмллаж байхдаа янжуур тамхи зөөсөн хэрэгт оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна” гэсэн байсан.

-Тэгэхээр бүр 2004-2007 оны хооронд гарсан асуудлыг одоо шалгаж байгаа юм уу?

-А.Батсайхан 2007 онд элчингийн ажлаа өгөөд дахиж Польш улс руу яваагүй юм байлгүй. Мэдээж энэ тамхины асуудал нь шалгагдаж, баривчлах тогтоол нь гарсан байсан болов уу.

-Энэ төрлийн хэрэгт холбогдсон ЭСЯ-ны ажилтнууд дахин төрийн албанд ажилладаг гэх нь бий?

-Гэм буруутай нь тогтоогдсон зарим нэг нь хариуцлагаа хүлээсэн. Ер нь иймэрхүү хэрэгт нэр нь холбогдсон хэнийг ч дахин ажилд аваагүй. Зарим нэг нь худал яриа гаргаж  байгааг үгүйсгэхгүй. 2000 оны дунд үед Европт байсан дипломатууд янжуур тамхи  зөөвөрлөх хэрэгт  холбогдох тохиолдол хэд хэд гарч байсан. Энэ асуудлыг 2008 оноос хойш бүрэн таслан зогсоосон.  


С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж