Волейболын лигийн финалын тоглолтууд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Волейболын лигийн финалын тоглолтууд эхэлнэ

Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч даваа гаригт болж, өндөрлөснөөр финалын шатанд өрсөлдөх багууд тодорсон байгаа. Улмаар медалийн төлөөх тоглолтууд өнөөдрөөс Спортын төв ордны “А” зааланд эхэлж байна.

Лигийн дүрмийн дагуу багууд гурван тойргийн тоглолт хийж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн хоёр баг нь аваргын төлөө, харин гурав ба дөрөвдүгээр байрт бичигдсэн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн төрөлд зургаан баг өрсөлдсөнөөс гурван тойргийн нийлбэр дүнгээр өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” баг тэргүүлснээр энэ жилийн лигийн аваргын төлөө “Харх” багтай өрсөлдөхөөр болжээ. Харин хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр “Сүлд” болон “Уурхайчин” багууд шалгарсан байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд гурван тойргийн нийлбэр дүнгээр “Энагура” тэргүүлж, “ДЦС-4” удаалсан тул энэ хоёр баг аваргын төлөө өрсөлдөх бол хүрэл медалийн төлөө “Уурхайчин” ба “Тэнүүн-Огоо” багууд тоглох ажээ.

“Гоё кап-2011” нэрээр зохиогдож буй МВХ-ны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний медалийн төлөөх тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт 12.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ. Түрүүлж гурван хожил авсан баг нь ялагч болох юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж