“Suzuki” багаас хийсэн албан ёсны мэдэгдэлд “Suzuki Motor Corporation 2012 оны Moto GP-гийн улирлын уралдаан, тэмцээнд оролцохгүй байх шийдвэр гаргасан. 2014 оны тэмцээнд эргэн ирэхийн тулд “Suzuki” шинэ мотоцикль бүтээх ажилд идэвхийлэн шамдах болно” гэсэн байна. Тиймээс багийн нисгэгч Баутиста ирэх улиралд “Gresini Honda” багт хүчин зүтгэх болсноо мэдэгдээд байгаа юм. Сануулахад, “Gresini Honda”-гийн нисгэгч Марко Симончелли уралдааны үеэр осолдож, харамсалтайгаар нас барсан билээ.
Ийнхүү “Suzuki” Moto GP-гийн уралдааныг орхисноор ирэх улиралд энэ талбарт өрсөлдөх багуудын жагсаалт ердөө “Honda”, “Yamaha” болон “Ducati” гэснээр өндөрлөх болж байна.
“Suzuki” хамгийн анх 1974 онд Moto GP ангилалд хөл тавьсан бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд уралдаж байсан Британийн нисгэгч Бэрри Шийн 1970-аад оны үед хоёр ч удаа түрүүлж байсан билээ. Тус багаас нийт таван дэлхийн аварга /Бэрри Шийн хоёр удаа түрүүлсэн/ бөгөөд хамгийн сүүлд 2000 онд Кенни Роберт Жуниор 500сс ангилалд тэргүүлж байсан юм.