УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт зарлагддаг ч Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбоотой төслүүдийн хэлэлцүүлгийг хийх шаардлагын үүднээс өнөөдөр 15.00 цагт нэмэлт хуралдаан зарлаад байна. Гэхдээ өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2012 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байсан ч хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд саналаа нэгтгэж амжаагүй байсан тул тус байнгын хороо хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас урьтаж, төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үүрэг ногдож байна. Хэрэв хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг саналаа нэгтгэж чадахгүй, байр суурь зөрвөл байнгын хорооны хуралдаан хойшилно. Гэхдээ ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийг баталдаг хуультай тул УИХ-ын гишүүд хаа хаанаа хуулийн хүрээнд ажиллах, цаг хугацаанд шахагдах нөхцөл рүү тулж ирж байгаа юм. Тиймээс цаг алдах нь асуудлыг хүндрүүлнэ.
Түүнчлэн өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах ёстой тул гишүүдийн хувьд нэлээд ачаалалттай ажиллах өдөр болж байна. Засгийн газрын гишүүдээс Сангийн сайд мөн ажил ихтэй байх төлөвтэй байна.
Г.Дарь