Мьянма Хятадын нөлөөнөөс гарч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Мьянма Хятадын нөлөөнөөс гарч байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 50 гаруй жилийн дараа Мьянма (Бирм) улсад айлчлахаар болж байна. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Барак Обама дуулгажээ. Тус оронд явагдаж байгаа шинэчлэл нь засгийн эрхийн төлөөх тэмцэлд Бирмийн сөрөг хүчнийг оруулж магадгүй байгаагаас АНУ-ын засаг захиргаа ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ. Ази дахь Америкийн гол өрсөлдөгч Хятад түгшүүрийн дохиогоо өгч амжлаа.

“Олон жилийн дарангуйллын эцэст сүүлийн долоо хоногуудад бид  дэвшлийн гэгээг харлаа” хэмээн  Индонезийн Бали аралд болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын эвслийн саммит дээр Обама Мьянмагийн тухай ярихдаа мэдэгдсэн юм. Тэрээр бараг хагас зууны дараа АНУ-ын хамгийн өндөр тушаалтны нэг, Америкийн дипломат албаны тэргүүн Хиллари Клинтон ирэх  сарын 1-2-нд Мьянмад хоёр хоногийн айлчлал хийнэ гэж хэлжээ. Дашрамд дурьдахад энэ эвслийн орнуудын лидерүүд бүсийн энэ байгууллагаа 2014 онд Мьянмагаар даргалуулахаар шийдсэн билээ. 

Тус орныг улс төр, эдийн засгийн нээлттэй замд оруулах, улс төрийн хяналтыг сулруулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, улс төрийн хоригдлуудыг суллах боломж олгох шинэчлэл хийнэ гэж Бирм зарлаад байгаа. Гэвч олон тэрслүү үзэлтнүүд Мьянмагийн ерөнхийлөгч, ахлагч генерал Тан Швегийн Засгийн газарт итгэхгүй байгаа учраас энэхүү “дулаарал”-д сэжигтэйгээр хандаж байна. Тухайлбал, өршөөлд хамрагдсан 6000 хүний дөнгөж 200 нь улс төрийн шалтгаанаар хоригдож байсан гэнэ. Үүний зэрэгцээ сөрөг хүчний лидерүүдээс нэг ч хүн өршөөлд хамрагдсангүй.

Вашингтон дахь бирмчуудын нийгэмлэгийн гишүүд үүнд нь сэтгэл ханамжгүй байгаа бөгөөд Клинтоны айлчлал нь эрх баригч цэргийн хунтад шахалт үзүүлэх зорилготой хэмээн найдаж байна. Вашингтоны гэнэтийн эргэлтийг ч тэд энэ шалтгаанаар тайлбарлахад бэлэн байгаа ажээ. “Энэ бүгд нь Мьянмагийн эрх баригчдад нэр төр, хүлээн зөвшөөрөлт цаашлаад Засгийн газарт нь шинжлэлийн тодотгол авчирна. Гэтэл тэд үүнээс хол байна” хэмээн Бирмийн ардчилсан хүчинтэй 20 гаруй жил хамтран ажиллаж байгаа идэвхтэн Майк Митчелл хэлж байна. 

Америкийн ерөнхийлөгчийн барьж буй Азийн стратегид нийцэж байгаа учраас Обамагийн засаг, захиргаа энэ алхмыг дуртайяа хийж байна хэмээн шинжээчид дүгнэж байна. АНУ бүс нутагт Хятадын эсрэг хүч, нөлөөгөө бэхжүүлж байгаа гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм. Бээжин урт хугацаанд Мьянмагийн гол холбоотон, эдийн засгийн чухал түнш нь байж ирсэн. Харин сүүлийн үед тэдний харилцаа хүйтрээд байна. Иривади гол дээр далан барих 3,6 тэрбумын төслийн санаачлагаас Бирмийн хунт татгалзсан, Мьянмад олон нийтийн эсэргүүцэл өрнөсөн зэрэг нь үүнийг гэрчилнэ.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Вэйминий мэдэгдэлд түгшсэн өнгө аяс гарсан байв. “Мьянматай АНУ болон бусад барууны орнуудын харилцаа бэхжин тэлж байгаад нь бид баяртай байна. Үүний хажуугаар бид Мьянмагийн дотоод, гадаад бодлого нь Мьянмагийн энх тайван, тогтвортой байдалд тус дэм болно гэж бас найдана” гэж тэрээр мэдэгдсэн байна. Клинтоныг Бирмд айлчлуулах шийдвэр нь АНУ-ын зүгээс богино хугацааны дотор бүс нутаг дахь Хятадын байр сууринд өгсөн АНУ-ын гурав  дахь цохилт боллоо. Өмнө нь Обама Номхон далайн бүсээр айлчлахдаа Тэнгисийн явган цэргийн баазыг Австралид байгуулахаар болсноо зарлав. Түүний хэлснээр бол АНУ Австрали руу 2,5 мянган америкийн цэргийнхнийг илгээнэ. Мөн Филиппинтэй цэргийн харилцаагаа бэхжүүлнэ гэсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өндөр тушаалтан асан Майкл Грин, Хятадын явуулдаг шиг хүчний тэнцвэрийн эргэн тойрны  тоглоомоор “хэтэрхий уйваагүй хандлага” гарган “хүний эрх ба ардчилал гэсэн манай үнэт зүйлс”-т хор хөнөөл учруулах вий хэмээн Обамад сануулжээ. Хэрэв энэ нь бүтэмжтэй болбол Америкийн жишээгээр Энэтхэг эсвэл Япон орон Мьянматай ойртох оролдлого хийж магадгүй хэмээн Грин болгоомжилж байна.

Бирмийн идэвхтнүүд, барууны шинжээчдэд адилхан хэмжээнд сонирхолтой нэгэн эмэгтэйн байр суурь энд сонин байж болно. Сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аунг Сан Сү Жи тус орны ардчиллын байдлыг  цаашид сайжруулахад Клинтоны айлчлал чухал нөлөө үзүүлнэ гэж үнэлсэн байна. Washington Post сонинд өгүүлснээр, Индонези орох замдаа Обама Бирмийн сөрөг хүчний лидертэй утсаар ярьжээ. Тэдний яриа 20 минут үргэлжилсэн гэнэ. Тавин жилийн хэлмэгдүүлэлт, барууны хорионы дараа Мьянмагийн цэргийн удирдлагын авч байгаа шинэчлэлийн чиглэлийн талаар хэрхэн хандах тухайгаа тэд ярилцсан гэж Америкийн өндөр тушаалтан нэгэн хэлжээ.

Сануулахад, 20 гаруй жилийн өмнө Бирмийн цэргийнхэн бас нэг ийм шинэчлэл зарласан юм. Тэд 1990 оны сонгуульд Ардчиллын үндэсний лиг ялсны дараа сонгуулийн дүнг хэрэгсэхгүй болгож, сөрөг хүчний лидер бөгөөд Нобелийн энх тайвны 1991 оны шагналтныг гэрийн хорионд оруулсан. Одоо ч тэрээр гэрийн хориондоо л байгаа. Ардчиллын үндэсний лиг нам 2010 оны сонгуульд оролцоогүй. Учир нь тус орны сонгуулийн хуулиар бол тухайн үед хоригдож байсан Сү Жийг сонгуульд оролцуулахгүй боломжгүй байсан. Түүнийг сонгууль өнгөрснөөс зургаа хоногийн дараа сулласан юм.

Энэ жил дээрх хорио нь цуцлагдаж байгаа учир Лиг улс төрийн тэмцэлд эргэн орохоор болжээ. Сү Жи энэ жилийн арванхоёрдугаар сард болох парламентын нэмэлт сонгуульд орол­цохоор шийдсэн байна. Энэ сонгуулиар хоёр танхимын 664 суудлын 48-ыг нэмэн сонгох ёстой. Сөрөг хүчний лидер сонгуульд оролцох болсон нь Вашингтоны байр сууринд өөрчлөлт гаргасан бололтой. Британийн “Telegraph” сонинд Сү Жи ярилцлага өгөхдөө Засгийн газрын шинэчлэлийн чиглэлд өөдрөгөөр хандаж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ Сү Жи цаашдаа ч дэвшил хийх хэрэгтэй гэж онцолжээ.    

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж