Ингэж хурдлах тоолонд жолоочийн халаасан дахь хэд нь нэмэгддэг болохоор “хааз”-аа гишгэхээс татгалзана гэж байхгүй гэс эн үг. Нэг рейсийг гүйцээхийн тулд нэг компанийн жолоочтойгоо “чи, би”-дээ тулан хэрэлдэж буудал алгасан давхилдана. Бүр ямар сайндаа “микро” шиг “Дөрвөн зам буух хүн байна уу” гэж асуугаад буудал алгасч давхиж байх вэ дээ. Сүүлдээ бүр том оврын автобусанд сууж байгаагаа ч мартаж орхино гээч. Өнгөрсөн жил жижиг оврын тээврийн хэрэгсэл жолооддог байсан хүмүүсийг сургаж том оврын автобус жолооддог болгосны гор нь одоо л гарч байна. Өнгөрсөн таван сарын дотор нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаад гэмтсэн дуудлага 10 гаруй бүртгэгджээ. Өнгөрөгч наймдугаар сард таван хүн нийтийн тээврийн хэрэгсэлд дайруулж нас барсан ч гэх мэдээлэл байна. Хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон тохиолдол өнгөрсөн хоёр сарын хугацаанд 20 гаруй бүртгэгдсэн гэх.
Мөн зарим кондуктор үнэ тариф баримтлахгүй, сурагч хүүхдүүдээс илүү мөнгө нэхнэ. Нэр бүхий зарим компаниудын нийтийн тээврийн автобусаас энэхүү үйлдлийг илрүүлж, мөнгөн торгууль оногдуулжээ. Басхүү маршрут зөрчдөг нь ихээр илрэх болжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар иргэдээс 820 гомдол санал ирүүлсний ихэнхийг буюу 241 нь маршрут зөрчсөн гэх гомдол байна.
Нэг иймэрхүү хар мөр дагуулсан “хэзээ” бариандаа орох нь мэдэгдэхгүй уралдаан үргэлжилсээр. Энэ уралдаанд шүүгч гэж байхгүй. Гагц хохирогч л гэж байх. Харин хэзээ хэн яаж шүүх нь, хэзээ барианд орох нь одоо ч эргэлзээтэй.
Үйлчилгээ нь байж болох хамгийн муу төвшинд хэрнээ хурд нь хамгийн эцсийн хязгаарт очсон нийтийн тээврийг өөрчилмөөр цаг болжээ. Ямар сайндаа автобусанд суух гэж байсан хоёр жуулчныг хаалгаар орохоос өмнө хөдөлж нэг нь унасан тохиолдол ч гарч л байсан. Аливаа улс орны хотын соёлыг нийтийн тээврээс нь хардаг гэтэл манайд энэ соёл хамгийн муу төвшинд байна. Монголын автобуснаас унаад гэмтэхээ шахсан жуулчин нутагтаа очоод юу гэж ярьсан бол гэж бодохоор…..
Эх сурвалж: "Ардын эрх" сонин