”Хөгжлийн банк ТЗ-ын төслийг санхүүжүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

”Хөгжлийн банк ТЗ-ын төслийг санхүүжүүлнэ”

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалтай төсөв, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
-Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Ирэх оны улсын төсөв урьд өмнө байгаагүйгээр зарлага, алдагдал нь дэндсэн төсөв болжээ гэсэн шүүмжлэл гараад байна. Долоон их наядаар хэмжигдэж байгаа энэ төсвийг танаж болохгүй гэж үү?

-2012 оны төсвийн төсөлд 2011 оны төсвөөс хэдэн хэдэн томоохон өөрчлөлтүүд орохоор тусгасан. Тэр нь дандаа бодлогын шийдвэрүүд дээр үндэслэсэн зарлагын томоохон өөрчлөлтүүд байгаа. Төсвийн зарлагуу­дын үндсэн ангилалуудыг аваад үзвэл таван чиглэлээр өөрчлөлт орсон. Эхнийх нь цалин, хоёр дахь нь тэтгэвэр, гурав дахь нь хөрөнгө оруулалт, дөрөв дэх нь халамж, тав дахь нь гадаад зээл байгаа юм. Эдгээр таван чиглэлд зарцуулах мөнгийг хасаад үзвэл энэ жилийн төсвөөс ирэх жилийн төсөв ердөө л 150 тэрбум төгрөгөөр илүү байгаа. Энэ 150 тэрбумын 100 тэрбум нь оюутнуудад, үлдсэн нь сонгуулийн зардалд шингэж байгаа юм.

-Тэгэхээр ирэх жилийн төсөв ирэх сонгуульд зориулагдсан гэдэг үнэн гэсэн үг үү?

-Ирэх оны төсөв улс төрийн бодлогоос хамаарсан уу гэвэл тийм.  Их тэлсэн төсөв боллоо, инфляцийг хөөрөгдөх нь ээ гэсэн шүүмжлэл олон нийтээс нэлээд гарч байна. Үүнийг ч үгүйсгэхгүй.  Ер нь их тэлсэн, халсан төсөв болсон гэх шүүмжлэл дээрх таван чиглэл дээр л тогтож яригдах байх. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв болсон гэж бид үзэж байгаа. Засгийн газраас ирэх оны төсвийг дөрвөн гол зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх, хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхэд ирэх оны төсвийн 80 хувь нь зарцуулагдах юм.

Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, халамж, гадаад зээл, хөрөнгө оруулалтад ирэх оны төсвийн 80 хувь зориулагдаж байгаа гэсэн үг. Харин ч бид урсгал засварт биш хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэй гэдэг байр суурь баримталж, ирэх оны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн байгаа. Энэ нь эдийн засгийн хөгжилд илүү өгөөжтэй гэж үзсэн.

-Төсвийн тэлэлтийг танахгүй бол инфляцийг нэг оронтой тоонд барих боломжгүй хэмээн Монголбанкнаас анхааруулж буй. Сүүлийн саруудад инфляцийн өсөлтийн хурд эрчимжиж байна хэмээн эдийн засагчид шүүмжлээд байгаа шүү дээ?

-Инфляци бол мөнгийг үнэгүйдүүлдэг хортой эд л дээ. Өнөөдөр миний халаасанд 100 мянган төгрөг байгаад л байдаг. Гэтэл энэхүү 100 мянган төгрөг уржигдархан авдаг байсан 15 нэр төрлийн барааныхаа үнийг дийлж хүчрэхээ больчих жишээтэй. Долоон сая төгрөгөөр худалдаж авдаг байсан машин өнөөдөр найман сая төгрөгөөр үнэлэгдэх ч юмуу, эсвэл долоон зуун төгрөгийн чихэр 900 төгрөг болчих гэh мэтийн үнийн тогтвортой байдлыг алдагдуулж, иргэдийн худалдан авах чадварт нөлөөлдөг. Инфляцийн өсөлтийн бурууг ирэх оны төсвийн тэлэлтэд нялзаах нь бас учир дутагдалтай. Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил зургаан хувьтай гарсан бол энэ жилийн эцсээр 20 хувьд хүрэх төлөв ажиглагдаж байгаа юм. Эдийн засгийн өсөлт их байх тусмаа инфляци өндөр гардаг нь бичигдээгүй хууль. Маш хурдтай гүйж байгаа хүнээс хөлс их гарна аа даа. Хөлс гаргадаггүй тос түрхэх ч юм уу, хувцас өмслөө ч гэсэн хөлс тодорхой хэмжээгээр ялгарч таарна. Эдийн засгийн өсөлтөөс болж эдийн засаг өөрөө хөлөрч байгаагийн нэг шинж нь инфляцийн өсөлт юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь өндөр гарсан аль ч орны хувьд инфляци нь өндөр байдаг зүй тогтол байна. Гэхдээ бид тийм байдаг гээд гараа хумхиж суух ёсгүй. Үнийн зохиомол өсөлтийг хянах, нийлүүлэлтийн саад тотгор, дэд бүтэцтэй холбоотой бэрхшээлүүдийг арилгах чиглэлүүдээр тодорхой ажлуудыг хийж, Засгийн газраас үнийн өсөлтийг бууруулах боломжтой. Энэ чиглэлүүдээр ч ажил хийгдэж байна.

-Эдийн засгийн энэ өсөлт иргэдийн арьс маханд мэдрэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ. Эдийн засаг нь их өндөр өсөлттэй, гэтэл ядуурал, ажилгүйдэл буурсангүй?

-Эдийн засгийн өсөлт гэдэг маань эдийн засагт гарч байгаа бүх үзүүлэлтүүдээ нэмж байгаад хуваачихдаг архиметик үзүүлэлт шүү дээ. Эдгээр үзүүлэлтүүдийн ихэнх нь тогтвортой ганц нэг салбарт өндөр өсөлт ажиглагдвал энэ ганц өндөр өсөлт эдийн засгийнхаа бүх үзүүлэлтүүдийг дээш нь татчихдаг. Үүнээс нь болоод эдийн засгийн өсөлт өндөр гарах жишээтэй. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын үзүүлэлт мөн өндөр гарсан. Энэхүү өсөлт дотор зэс, нүүрсний олборлолт эрхэлдэг зургаа, долоон компани дээр л эдийн засгийн өсөлт ажиглагдсан.

-Тэгэхээр Монголын эдийн засгийн өсөлт тэрхүү зургаа, долоохон компани дээр л тогтож байна гэсэн үг үү?

-Эдгээр компаниуд болон эдгээрийн дам нөлөөгөөр үүссэн бусад салбарын өсөлт энэхүү өндөр өсөлтийн дийлэнхи хувийг эзэлж байна гэсэн үг.

-Тэгэхээр зургаа, долоохон ком­пани л баяжаад байна гэсэн үг үү?

-Хувийн байгууллагууд ашгийн төлөө л явдаг. Харин тэдгээр компаниудын олсон ашгаас хэдий хэрийн мөнгө татвар хураамжаар авах вэ, түүнийгээ хэрхэн тэгш хуваарилах вэ гэдэг нь чухал байдаг. Баялгийн тэгш хуваарилалтыг зөв хийх нь чухал байгаа юм. Татварын  асуудлаар иргэдийнхээ амьдралыг зохицуулж болно. Нэг айлын хүүхдүүдийн нэг нь сайн явлаа гэхэд эцэг нь сайн яваа хүүгээсээ мөнгө аваад амьдрал нь жаахан тиймхэн яваа нөгөөдөө тусладаг. Улс орон ч гэсэн ийм арга механизм хэрэглэдэг шүү дээ.

-2012 оны төсөвт томоохон бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг огт тусгаагүй байна лээ. Гэтэл Засгийн газар болохоор том, том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэг амлалт өгөөд байдаг?

-Төсөвт томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийг тусгавал төсвийн алдагдал 100 хувь, бараг 200 хувьд хүрэх биз. Аль ч улс орон хөгжлийг түргэвчлэх бүтээн байгуулалтынхаа хөрөнгө оруулалтыг төсвөөсөө гадуур зохицуулдаг юм. Төсөв гэдэг үнэндээ улсын хөгжлийг түргэвчлэх бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалтын дэргэд жижигхэн асуудал. Өнөөдөр монголчууд төсөв тэллээ, инфляци халуурлаа гээд л байна. Үнэндээ эдгээр нь хөгжлийн урт хугацааны асуудал биш юм. Бидэнд том том асуудал зөндөө байна шүү дээ. Энэ том асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсад маш их мөнгө хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын  хувьд үсрэнгүй хөгжлийнх нь үе ирээд байна. Энэ үсрэнгүй хөгжил гурав дөрвөн жил л үргэлжлэх болов уу гэж тооцож байгаа. Аль ч улс орны хувьд хөгжлийнхөө гараан дээр халаасандаа сохор зоосгүй зогсч байсан. Тэд төлөвлөлт, тооцоо, арга механизмынхаа хүчинд, уураг тархиныхаа хөгжлөөр л хөгжлийг олж авсан байдаг. Тиймээс хүний хөгжил гэдэг өнөөдөр хамгийн чухал болжээ. Өмнөд Солонгос улс гэхэд л газрын баялаггүй, мөнгөгүй хэрнээ асар том техниктехнологийн парк барьсныхаа хүчинд хөгжиж чадсан. Тэгвэл Монгол Улсад боломж байна. Хэдийгээр Монгол Улс мөнгөгүй ч гэсэн газрын хэвлий доороо асар их баялагтай. Харамсалтай нь түүнийгээ хямдхан зараад байгаа болохоос биш. Хятадууд үүнийг олоод харчихсан, монголчууд биднээс өөр худалдан авагчгүй юм чинь гээд л хямдхан үнэ хэлээд байна шүү дээ. Өнөөдөр Хятадад нийлүүлж буй Монголын нүүрсний хэмжээ Австралиас давлаа л гээд байна. Үнэн хэрэгтээ нүүрснийх нь хэмжээ ихэссэн болохоос хятадуудын Монголоос авч байгаа үнэ нь Австралийнхаас бага, бараг гурав дөрөв дахин бага байна. Тэгэхээр бид нүүрсээ маш бага үнээр, 100 хүрэхгүй ам.доллараар зараад байх уу, түүнийгээ боловсруулаад Хятадаас гадна Япон, Солонгосын зах зээлд нийлүүлэх үү гэдэг  чухал. Тиймээс тэрхүү томоохон хөрөнгө оруулалтыг Засгийн газар хийхгүй, арилжааны банк хийж чадахгүй. Тэр хоёрын дунд аль аль талд нь талалдахгүй гэгчээр нэг байгууллага байх шаардлагатай болсон.

-Тэр нь Хөгжлийн банк гэж үү?

-Тийм. Тэгээд л хоёр гурван жилийн өмнөөс ярилцаж, хуулиа гаргаж, Хөгжлийнхөө банкыг байгуулчихлаа.

-Гэтэл Хөгжлийн банк нь  юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, нэг л нууц байгууллага байх. Та ТУЗ-ын даргын хувьд Хөгжлийн банк хөгжлийн төлөө ямар ажил хийгээд байгаа талаар тайлбар өгөөч?

-Хөгжлийн банк гараа хумхиад суугаад байгаагүй л дээ. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, олон нийтэд хаалттай байсан байж болно. Гэхдээ хөгжлийн банкинд цаг хугацаа шаардсан ажлууд их байна. Хөгжлийн банк таг чиг байсан гэдэг бол үнэн. Уг нь цаанаа ажил нь яваад л байдаг. Гэтэл болоод байна гэж ч хэлдэггүй, болохгүй байгаагаа ч дэлгэдэггүй. Хөгжлийн банкинд ажиглагдсан нэг дутагдал нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй таг алга болчихдог тал ажиглагдсан.

-Хөгжлийн банк хамгийн түрүүнд уул уурхай, барилга, дэд бүтэц гээд 26 томоохон төслийг хэрэгжүүлэх үүрэг авсан. Тэр юу болж байгаа вэ?

-Танайд хөрөнгө оруулья, мөнгө зээлье гэсэн өчнөөн байгууллага байна. Зарим нь өнөөдрийн дотор гаргаад өгье гэж хүртэл ярьж байна. Аливаа иргэн гэдэг нөхөр цахилгаан барааны лизенг авахдаа хүртэл хамгийн бага зээлтэй, эрсдэл багатай банкаас зээлж байгаа шүү дээ. Ганц хоёр сая төгрөг биш, сая, сая ам.долларын, бүр цаашлаад тэрбум ам.доллараар яригдах хэмжээний зээл авах болохоор сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдчихэж боломгүй байна.  Эрсдэл, зээлийн хүү, буцаан төлөлт гээд л олон зүйлд маш нарийн анхааралтай хандах ёстой. Гадаад зах зээлээс зээл авах ажил удаашралтай байгаа нь үнэн. Тэгээд ч Хөгжлийн банк маань өөрөө их залуу, туршлага багатай байна л даа. Гэхдээ ирэх долоо хоногоос Хөгжлийн банкинд эхний санхүүжилт орж ирнэ.

-Хөгжлийн банк хаанаас зээл авч байгаа юм  бэ?

-“ING” гэсэн олон улсын санхүүгийн том байгууллагаас зээл авч байна. Эхний 20 сая ам.доллар нь ирэх долоо хоногт  Хөгжлийн банкинд ороод ирэх байх.  Монгол Улс Италитай адилхан хүүтэйгээр гадаад зах зээлээс мөнгө зээлж байна гэдэг манай улсын боломж өндөрсөж байгаагийн илрэл байх.

-Хөгжлийн банкны хамгийн тү­рүүнд санхүүжүүлэх төсөл юу вэ?

-Төмөр зам. Төмөр зам барихад нийтдээ таван тэрбум ам.доллар шаардагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 60 сая ам.долларын санхүүжилтыг хийхээр төлөвлөөд байна.  Ер нь бол Засгийн газрын төлөвлөсөн төслүүд, масштабынхаа хүрээнд өрнөж байгаа. Маш том масштабын хүрээнд шүү дээ.

-Эхлээд дэд бүтцийнхээ асуудлыг шийдье гэж үү?

-Яг тийм. Өнөөгийн нөхцөл байдалд төмөр зам, цахилгаан станц барилгүйгээр гангын үйлдвэр бариад ямар ч хэрэггүй. Тиймээс төмөр замаа тавиад, дараа нь цахилгаан станцаа барина. Түүнийхээ дараа том, том аж үйлдвэрүүд, орон сууцнууд барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бүх төслүүдийг  өөр хооронд нь уялдуулж хөгжүүлэхийн тулд Сангийн яам, Үндэсний хөгжил шимтгэлийн хороо,  Хөгжлийн банк уялдаа холбоотой ажиллаж байна.

-Тэгэхээр “100 мянган айлын орон сууц” төслийг хэзээ хэрэг­жүүлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн банкны төлөв­лө­гөөгөөр  уг төслийг сан­хүү­жүүлэх ажил хэдүүгээрт жагсч байна?

-Ер нь бүтээн байгуулалтын ажлуудыг хурдасгах шаардлагатай байна. Хурдан тусмаа л сайн.  Өнөөдөр дэлхийн хөгжил арван жилээр хэмжигдэх биш нэг жилээр яригдаж байна. Үүнээс монголчууд хоцорч болохгүй.  Нэг зүйлийг нэмж хэлэхэд Засгийн газраас гаргасан төсөл нь хэрэгжих арга механизм тодорхойгүй байдаг. Түүнээс болоод л төсөл удаашраад байна.

-Техник, эдийн засгийн үндэс­лэлийг нь орхидуулдаг гэж үү?

-Техник эдийн засгийн үндэслэлийг нь орхигдуулаад байгаа нь үнэн. Олон улсын байгууллагуудаар томоохон бүтээн байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийг нь гаргасны дараа л санхүүжилтийн асуудал яригдана.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж