Франсуа Миттераны эхнэр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Франсуа Миттераны эхнэр нас баржээ

Францын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттераны бэлэвсэн эхнэр Дэниэл Миттеран  87 настайдаа таалал төгсчээ. Өнгөрсөн баасан гаригт бие нь муудаж Парис хотын эмнэлэгт хүргэгдсэн Дэниэл Миттеран ухаан оролгүй байсаар нас барсан байна. Социалист намын тэргүүн Франсуа Миттеран 1981-1995 оны хооронд Францын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан билээ. Тэрээр Курдын босогчид, Төвдийн салан тусгаарлагчид болон Кубын лидер асан Фидель Кастрог дэмждэг, шударга бус явдлыг эсэргүүцэгч нэгэн байв. 1940 онд Германы фашистууд Францыг эзлэх үед Дэниэл Миттеран 17 настай сувилагч байжээ. Харин 1944 онд фашистуудаас зугатаасны дараа тэрээр Франсуа Миттерантай гэрлэж, хүний эрхийн төлөө тэмцэж эхэлсэн байна. 1999 онд Дэниэл Миттеран “Төвд дэх үнэний гэрэл” олон улсын компанит ажил явуулсны төлөө Дээрхийн гэгээн Далай ламаас шагнал хүртэж байсан юм. 1996 онд Франсуа Миттераныг нас барсны дараа тэрээр улс төр, хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлсээр байсан билээ. Түүний 1986 онд үүсгэн байгуулсан “France-Libertes” байгууллагын 25 жилийн ой өнгөрсөн аравдугаар сард болсон.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж