Д.Нинжийг бусдын нэр төрд халдсан гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Д.Нинжийг бусдын нэр төрд халдсан гэж үзэв

“Ард түмний  хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинжид холбогдох хүнийг гүтгэж, нэр төрд халдсан гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг тус дүүргийн шүүх өчигдөр хянан хэлэлцэж, дөрвөн сар  баривчлах ял оноожээ. Түүнийг эрүүгийн хуулийн 111.2  буюу бусдыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутай гэж үзсэн байна.  Тэрбээр  “С.Зориг агсны амь насыг хэн хөнөөсөн тухай баримт байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-үүл нар С.Зоригийг хөнөөсөн” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хурал хийх үеэрээ, нийтэд мэдээлсэн юм. 

Д.Нинж мөн “Айвенхоу майнз”-ын гэрээг батлахаас өмнө Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас нэг сая ам.доллар авсан гэх мэдээллийг ч олон нийтэд цацаж байсан бөгөөд энэ мэдээллийн дагуу Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгаж, хууль зөрчсөн, мөнгө авсан зүйл байхгүй хэмээн тогтоожээ.

Энэ талаар Д.Нинжээс тодруулахад “Улс төрийн зорилгоор хүмүүсийг нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн зохион байгуулалттай ажил. Хүний нэр төрд халдсан гэж үзээд байгаа юм бол тэд нарыгаа эхлээд шалгаж тогтоох хэрэгтэй. Гэтэл  миний хийсэн мэдээллийн дагуу шалгах ажил огт хийгээгүй байж, хүний нэр төрд халдсан гэж хэрэг тулгах нь утгагүй” гэх хариулт өгч байв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж