Баруун бүсийн авто замыг 2018 онд дуусгана

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн авто замыг 2018 онд дуусгана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг хэлэлцээд санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас баруун бүсийн босоо тэнхлэгийн дагуу 743.1 км авто зам барьж 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто зам Алтайн нурууг дамнаж байгаа учраас нөхцлийн хувьд хүнд гэнэ. 2005 онд 37.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар авто замын ажлыг эхлүүлж байсан. Гэвч дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, шатах тослох материалын үнэ өссөн зэргээс шалтгаалж авто зам баригдах боломжгүйд хүрчээ. Харин Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр дээрх чиглэлийн авто замыг барихаар зөвшилцсөн байна. Зээлийн хугацаа 32 жил. Мөн дээрх чиглэлд авто зам барихад зориулж Хятад улсаас хөнгөлөлттэй зээл авна, Монгол Улсын Засгийн газар мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө гаргахаар болсон. Нэг үгээр хэлбэл гурван эх үүсвэрээр дээрх авто замыг барихаар төлөвлөөд буй юм байна. Ингэхдээ Ховд аймгийн Ярантаас-Баян-Өлгий аймгийн Улаанбоомт хүртэлх 293 кам авто зам, гурван гүүрний барилгын ажлыг Азийн хөгжлийн банкнаас авах хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.

Эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Ховдын Зэрэг сумаас Үенч хүртэлх 108 км авто зам тавьж байгаа гэх. Мөн Ярантын боомт хүчин чадлын хувьд том биш, түүгээр хэчнээн хүн орж гардаг вэ гэдгийг хүн бүр багцаалдана. Эдийн засгийн үр ашгийг нь тооцвол Гашуун сухайтаас-Замын-Үүд хүртэл тавих авто зам чухал байлтай. Авто замын чиглэл, дарааллыг гаргахдаа юуг үндэслэж байна вэ. Эсвэл Азийн хөгжлийн банк нь заавал дээрх чиглэлд тавих авто замд хөрөнгө оруулна гэж нөхцөл тавьсан юм уу. Үүнд тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.

Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол Азийн хөгжлийн банк нь Азийг холбосон гол замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн шаардлага тавьсан. Азийн авто замыг тогтоохдоо Алтайн нурууг давсан авто зам гол зам гэж тодорхойлсон. Хүчин чадлын хувьд Ярантын боомт нь Замын-Үүдийн боомтоос бага ч гэлээ Хятад, Оросыг холбох гол замын зангилаа болохыг тодотгосон юм. Ийнхүү гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дуусан санал хураахад гишүүд зээлийн хэлэлцээрийг дэмжив.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж