Хөвсгөлийн хүчтэнүүд уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн хүчтэнүүд уриалга гаргалаа

МҮОНРТ-ийн мэдээллийн төвд өчигдөр “Хөвсгөлийн хүчтэнүүд” бөхийн дэвжээний 400-гаад бөхийн төлөөлөл хандивийн барилдаан, урлагийн тоглолт зохион байгуулахаар болсноо хэвлэлийнхэнд дуулгалаа. Нутгийнхаа нэрээр дэвжээнд босож, ард түмнийхээ итгэлийг даан барилдаж байдаг “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний бөхчүүд нийгмийн сайн сайхны төлөө тус хүргэх зорилгоор арванхоёрдугаар сарын  2-4-ний өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөнд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулаар болжээ. Бөхийн барилдааны тасалбараар азтан шалгаруулж, бас урлагийн тоглолт ч болох юм байна. Харин энэ үйл ажиллагаанаас олсон  орлогоо Хөвсгөл дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлах болно гэж зохион байгуулагчид нь ярьлаа. Сэтгэлийн тэнхээ чадалтай ч алхаж гишгэж, ярьж хэлж чадахгүй, үеийнхнээсээ хоцорч байгаа Хөвсгөл аймгийн 860 хүүхдэд нутгийнх нь бөхчүүд ийнхүү дэм өгөхөөр болжээ. Хөвсгөлийн бөхчүүд  дөрвөн жилийн өмнөөс орон нутагтаа хандивийн барилдаан зохион байгуулж, нутгийнхаа хүүхэд залууст тус болж ирсэн байна. Одоо харин бидний энэ үйлсийг Монгол бөхчүүд бүгд дэлгэрүүлэн өрнүүлж нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаасай гэж уриалга гаргаж байгаа юм гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж