Тус дэлгүүрийн өмнөх талбайд байрладаг байсан худалдааны асрыг буулгаснаар 11 хүн ажлын байргүй болжээ. Баянгол дүүргийн засаг дарга асан П.Цогтбаатар 2008 онд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай 108 иргэнд ажлын байр гаргаж өгч байжээ. Дараа нь Л.Амгалан дүүргийн засаг дарга болсноор задгайгаар талбайд худалдаа эрхлэгчдийн тоо цөөрч, 54 хүн нэг асарт багтан, “Аз” хүүхдийн их дэлгүүрийн зэргэлдээх Монгол барааны дэлгүүрийн үүдэнд наймаа хийх болсон гэнэ. Худалдаа эрхлэгчид хэлэхдээ “Арваннэгдүгээр сарын 15-ны өглөө ажилдаа ирэхэд бидний барааг бүгдийг нь сул гаргаад, асрыг хумьчихсан байсан. Асар барьсан газрыг “Богуул” компанийн захирал Н.Чимэдийнх гэдэг байсан тул бид Газрын албанд хандаж мэдээлэл авахад бидний наймаа эрхэлж байсан газар Чимэд гэж хүний зөвшөөрөлтэй газар биш, нийтийн эзэмшлийн газар байсан. Чимэд гуай тэр хавьд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан нь үнэн ч нийтийн эзэмшлийн талбайд халдах эрх байхгүй” гэлээ. Тиймээс тэд Баянгол дүүргийн Засаг даргад хандан энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа ажээ.
Худалдаа эрхлэгчид уг асарт сард 60 мянган төгрөгийн түрээс төлөн, наймаа хийдэг байжээ. Тэд энэ асуудлыг шийдүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Н.Дэмбэрэлдашид хандсан боловч авч хэлэлцээгүй гэсэн тайлбарыг мөн өгсөн юм.
Асарт худалдаа эрхэлж байсан эдгээр хүмүүс хоёр жилийн хугацаанд ажиллах аман гэрээтэй, түүнийхээ дагуу худалдаа эрхлэх учир бараагаа татаж авах болон эргэлтэд оруулах зэрэг шалтгаанаар банкны зээлэнд хамрагдсан байдаг тухайгаа ч хэлж байлаа.