![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2011/11/783623e440e1aef1/cdeb0b7a3d34a7babig.jpg)
Олон улсын сансрын станцад ажилласан сансрын нисэгчдийг ОХУ-ын “Союз” хөлөг эх дэлхийд нь авчирлаа. АНУ-ын сансрын нисэгч Майк Фоссум, Японы Сатоши, Фурукава, ОХУ-ын Сергей Волков нар Олон улсын сансрын станцад 165 хоног ажилласан юм. Тэдний оронд ОХУ-ын хоёр нисэгч, АНУ-ын нэг сансар судлаач нар өнгөрсөн лхагва гаригт “Союз” хөлгөөр тус станцад буусан билээ. Сансрын нисэгчдийг эх дэлхийд нь авчирсан “Союз” хөлөг өнөөдөр орон нутгийн цагаар 8:27 минутанд Казакстанд амжилттай газардсан байна. Телевизээр энэ үйл явдлыг шууд дамжуулан үзүүлжээ. ОХУ-ын сансрын нисэгч Сергей Волков “Сайхан газардлаа. Бүх зүйл гайхалтай байна.” гэж сэтгэл хөдлөн ярьсан байна. “Союз” хажуу талаараа газардсаныг АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА “салхитай нөхцөлд ингэж газардах нь энгийн тохиолдол” гэж мэдэгджээ. Сансрын хөлөг тээвэрлэгч “Союз” пуужинг өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын Байконуурын сансрын станцаас хөөргөсөн нь амжилттай болсон юм. НАСА-ийн сансар судлаач Дэн Бурбанк, ОХУ-ын сансрын нисэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин нар ирэх гуравдугаар сар хүртэл олон улсын сансрын станцад ажиллах юм. Харин ирэх арванхоёрдугаар сард тэдэнтэй АНУ-ын сансрын нисэгч Дон Петит, ОХУ-ын Олег Кононенко, Нидерландын Андрей Куйперс нар нэгдэж, зургаан гишүүнтэй баг бүрдэх ажээ.
Н.Энх