Жүжигчин О.Энхтуул: Нэг нэгэндээ эерэг энерги бэлэглэж чадвал эрүүл амьдарна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Жүжигчин О.Энхтуул: Нэг нэгэндээ эерэг энерги бэлэглэж чадвал эрүүл амьдарна

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Энхтуулыг дугаарын зочноор урилаа. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг түүнтэй театрынх нь 75 жилийн ойн өмнөхөн уулзав. Жүжигчин маань зуны гурван сарыг нэлээд завгүй үдсэн гэнэ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан тайзнаа тавьсан "Атга нөж" жүжигт Бөртэ үжиний дүрд хувирч, дараа нь түүнийг дэлгэцийн бүтээл болгоход оролцож, мөн Л.Эрдэнэбулган найруулагчийн "Чингис хаан" киноны зураг авалтад яваад ирсэн байлаа.

-Танайхан нэлээд завгүй байгаа бололтой. Ямар жүжгийн сургууль хийж байгаа юм бэ?-Найруулагч Наранбаатар "Хайрын виз" гэж шинэ жүжиг тавьж байгаа юм. Гэхдээ бид сая Мөнхдорж багшийн тоглолтын сургууль хийгээд тарлаа. Манай театрын 75 жилийн ойг угтаж уран бүтээлчид тайлан тоглолтоо хийж байгаа юм. Мөнхөө багш энэ жил ардын жүжигчин цол авсан шүү дээ. Түүнийх нь мялаалга болгож бид жүжгүүдээс нь хэсэгчилж их сайхан тоглолт бэлтгэж байгаа.

-Хоёулаа энэ удаа эрүүл мэнд, гоо сайхан гээд урагаас огт өөр зүйлийн тухай ярилцвал дургүйцэхгүй биз дээ?

-Яагаад дургүйцэх гэж. Хүн болгонд хэрэгтэй сэдэв. Гагцхүү надаас хүсч байгаа сайхан ярилцлага чинь гарах болов уу л гэж эмээж байна. Гэхдээ сонирхож байгаагаа асуу л даа.

-Жүжигчид цаг наргүй ажиллах юм. Эрүүл мэнддээ хэр анхаарал тавьж амждаг бол?

-Эрүүл мэнддээ боломжийн хэрээр анхаардаг гэж боддог шүү, өөрийгөө. Яаж гэхээр нэгдүгээрт миний ажил их сайхан. Үргэлж сэтгэлийн таашаал өгч чаддаг орчин учраас би эрүүл байдаг. Эндээс авсан эрүүл энергээ гэрийнхэндээ зориулж чаддаг. Ер нь амьдралын эрүүл орчин эерэг энерги гэдэг өчүүхэн жаахан харилцаанаас ч шалтгаалдаг гэж боддог учраас түүнийг баримтлахыг хичээдэг.

-Гэхдээ гэр бүлийнхэн тань ч бас эерэг энергийг танд өгч байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Ар гэрт тухгүй, уур уцаартай байвал би эндээс хэчнээн сайхан энерги тээж очоод нэмэргүй шүү дээ.

-Яг үүн дээр танай нөхөр та хоёр нэг санаатай байж чаддаг уу?

-Бид хамт амьдраад 12 жил болж байна шүү дээ. Нэг нэгэндээ уусч, ёстой л нөгөө хагас үгнээс ойлголцдог болох хугацаа биз дээ. Гэр бүлийн хосууд бие биенээ ойлгодог, дэмждэг байж чадвал энэ харилцаа хүнд сайн сайхан энергийг өгч тэр утгаараа эрүүл амьдруулдаг. Бид ч тийм байж чаддаг. Анагаах ухаан талаас эрүүл мэнддээ анхаарах гэдгийг эрүүл зөв хооллох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чаддаг байх гээд олон зүйлийн тухай ярих байх л даа. Миний бодлоор хүмүүс хоорондоо сайхан харилцаж, эерэг энерги нэг нэгэндээ харамгүй бэлэглэж байвал эрүүл амьдарна гэж боддог юм.

-Гэхдээ таныг герман хүнтэй гэрлэсэн болохоор дадал зуршил, ойлголт нь арай өөр байдаг болов уу л гэж бодсон юм.

-Манай нөхөр дандаа зөв хооллодог. Европчууд энэ тал дээр их хүмүүжилтэй. Өглөө яг тогтсон цагт цайгаа ууна. Өдөр 12 цагт хооллоно. Орой халуун хоол идэхгүй. Хөнгөн зууш, жимс, салат байхад хангалттай. Тэр нь зөв юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдгээр би ч үүнд нь дасчихаж. Анх гэрлэснийхээ дараа Клаус маань намайг яаж ингэж өдөрт хоёр гурван удаа махан хоол иддэг байна аа гэж гайхдаг, шүүмжилдэг байсан. Одоо бол хүүхдүүд ч ялгаагүй оройд салат, жимс зэргээр хөнгөхөн хооллочихдог болсон. Ядахдаа өглөө босоход бие хөнгөн, нойрмоглохгүй хурдан сэрдэг. Ажилдаа явахад ч эрч хүч, энерги дүүрэн байдаг юм. Яг үнэн шүү, туршаад үзээрэй.

-Та гурван хүүхэд төрүүлсэн гэхэд жингээ яг хэмжээнд нь барьж чадаад байх юм. Тогтмол дасгал хийдэг үү?

-Биеэ зөв авч явах хэрэгтэй л дээ. Би л олон хүүхэд гаргасан гээд гаргуунд нь хаячих юм бол дорхноо хэн ч тоож харахааргүй болно. Юуны өмнө хөдөлгөөн маш их хэрэгтэй. Фитнесс, аэробикт явдаг, хоолны дэглэм барина.

-Тэр болгон хүнд өдөр бүр фитнесст хичээллээд байх цаг зав, мөнгө төгрөг ч хомс шүү дээ?

-Долоо хоногт гурваас олон удаа фитнесст явж биеэ зовоох хэрэггүй гэж би үздэг юм. Бусад хүн яадгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хөдөлгөөн хүний эрүүл мэнд, гоо сайхан, урт наслахад зайлшгүй хэрэгтэйг маш сайн ойлгодог. Жишээ нь, энэ зун би их завгүй байлаа. Дөрвөн ч киноны зураг авалт гээд гэртээ бараг сар байгаагүй. Юун нөгөө фитнесст хичээллэх. Тэгэхэд л одоо надад мэдрэгдээд байгаа юм, бие хүндрээд, булчин сулраад. Гэхдээ хөдөлгөөн хүний эрүүл мэнд, гоо сайхан, урт наслахад зайлшгүй хэрэгтэйг маш сайн ойлгодог.

-Хоолны ямар дэглэм барьдаг вэ?

-Би маханд дуртай. Гэхдээ долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг. Бусад өдөр нь цагаан хоол голдуу хэрэглэнэ. Нэг өдөр нь дандаа байцаа иднэ. Шөл, салат гээд янз бүрийн байдлаар хоол хийж болно шүү дээ.

-Заавал яагаад байцаа гэж?

-Байцаа элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг шидтэй. Шийгуа их иддэг. Заримдаа бүтэн өдөр ганцхан шийгуагаар ч хооллочихно. Шээсээр биед байгаа муу зүйлийг хөөж өгдөг сайн талтай.

-Мацаг барьдаг уу?

-Би мацаг барьдаг. Мацаг барих бол эртний уламжлал. Мацаг барихад сайн өдөр хоног ч гэж бий. Гэхдээ би заавал ийм тийм өдөр гэдэггүй. Өглөө босоход л тэр өдөр мацаг баримаар санагдвал хоолноос татгалзаад л болоо. Ходоодоо амраахын хамт арьсны гоо сайханд их нөлөөлдөг юм. Өлсөх тухай би нэг ном уншсан. Түүнийхээ дараа 36 цаг өлсөж үзсэн.

-Гоо сайхандаа хэр их цаг зардаг вэ гэж асуух гэж байлаа.

-Би жүжигчин хүн учраас бусдад сайхан харагдах ёстой. Ажил минь үүнийг шаарддаг юм. Үүний тулд бага биш цаг зардгаа нуухгүй.

-Гоо сайханд олон очдог гэсэн үг үү?

-Хааяа очдог. Гэхдээ арьс сайхан байх нь янз бүрийн үнэтэй тос түрхсэндээ биш ердөө л угаалтандаа байдаг юм. Гүний цэвэрлэгчээр өглөө оройд арьсаа маш сайн цэвэрлэх ёстой. Тэгээд өөртөө тохируулаад будалт хийчихдэг.

-Үснийхээ маягийг өерчилсөнгүй удаж байна шүү. Гэхдээ таны үс өнгөө алдаагүй сайхан харагдаж байна. Нууц нь...

-Хүүхнүүд их асуудаг юм, үсээ яаж арчилдаг вэ гэж. Хамгийн гол нь бас л яаж угаахад байдаг гэж боддог. Намайг багад үсийг минь эмээ угааж өгдөг байлаа. Эмээ угаагаад усыг нь шавхарч базахад үс дуугардаг. Үнэндээ бол тэгж дуугартал нь угаах хэрэгтэй юм билээ. Ямар ч хамаагүй шампуниар угаагаад ангижруулагчаар зайлахад л үс сайхан болчихгүй шүү дээ. Хуйхандаа иллэг хийж доод тал нь хагас цаг зарцуулах хэрэгтэй санагддаг. Бага зэрэг чийг өгчихөөд шампуньдаад удаан иллэг хийж угаахад үс аяндаа босоод ирдэг юм. Гэртээ тэгж хөөс болсон үстэйгээ гүйж л явдаг гээд бод доо. Үүнийхээ дараа ангижруулагчаар зайлахад яг л торго шиг дуугардаг.

-Хүүхдүүд тань том болж байна уу?

-Овоо л болж байна. Нэг үеэ бодвол гараас гарсан. Том охин минь 14 хүрсэн.

-Тэднийг эрүүл байлгахын тулд та хоёр чухам юунд нь илүү анхаарал тавьдаг вэ?

-Хоолонд нь. Тэд хэзээ ч хичээлдээ өлөн явдаггүй. Заавал цайгаа ууж явах ёстойг ойлгодог. Бид ч үүнийг багаас нь хэвшүүлсэн. Өдөр бол сургууль дээрээ хооллоно. Оройд голдуу ногоо, жимс. Гэхдээ манай уур амьсгал ямар билээ гээд бодохоор хүүхдээ багад нь мах түлхүү өгч байх хэрэгтэй юм билээ. Маханд хүний биед хэрэгтэй бүх амин дэм байдаг гэсэн. Хүүхэд багадаа хоолонд дургүй, голдуу л амттан гэх гээд байдаг даа. Тэр үед нь цагаар бага багаар заавал идүүлж л байх хэрэгтэй юм. Өсөх насандаа өөрсдөө үүнийгээ зохицуулаад сурчихдаг юм байна. Том охин минь хоолны хувьд бараг надад заана. Харин хоёр багыгаа өөрөө л анхаарна. Үхрийн өөхгүй хар мах тэр дундаа булчингийн мах идүүлдэг.

-Цагаар хооллох тухай их ярьдаг. Та үүнийг баримталдаг уу?

-Хүн өлссөн цагтаа л идэх ёстой гэж би боддог юм. Би сая Германы нэг ховсчны лекцэнд суулаа. Тэр өдөрт таван удаа хооллох ёстой гэж ярьсан. Тэгэхдээ бүр нэг удаад 30 минут зарцуул гэнэ. Хөнгөхөн хоолыг тийм удаан яаж идэх юм бэ гэж бодсон л доо. Гэхдээ ногоо ч байсан маш тайван идэж байж хэрэгтэй энергийг өөртөө авдаг юм билээ. Түүнээс гэдсээ дүүргэх гэж идэх биш гэсэн.

-Хүүхдүүдээ өвдөхөөр хүчтэй эм тариа хэрэглэдэг үү?

-Би харин ч наадахын чинь эсрэг байдаг хүн. Нөхөр маань ч тэр. Хүүхдүүдээ багад нь уур ус, аарц, эрүүл агаараар л эмчилдэг байсан. Манай нөхөр ханиад хүрлээ гэхэд эм огт уудаггүй. Орондоо, дулаан хөнжилдөө сайхан халуун байхуунд коньяк, эсвэл виски хийж ойр ойрхон хэд ууж хөлсөө гаргаад хоёр хоног хэвтэхэд л эдгэчихдэг. Би харин хааяа эм уучихдаг л даа.

Театрын хонх жингэнэн дуугарч жүжгийн сургуулилалт эхлэх цаг болсныг дуулгав. Бидний яриа ч энэ хүрээд завсарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж