Ахмадын эмнэлгийн шав тавив

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Ахмадын эмнэлгийн шав тавив

Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлэг Хан-Уул дүүргийн X хороонд баригдахаар болсон билээ. Энэхүү эмнэлгийн шав тавих ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо.

Уг ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд болон тус төвийн хамт олон оролцсон юм. Мөн тус эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийн ажилчид ч ирсэн байлаа. Тэдэнд хандаж Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд: “Та бүхэн өөрсдийгөө их аз хувьтай хүмүүс гэж бодоорой. Азай буурлууддаа барьж буй та нарын сэтгэлийн өргөл юм шүү. Энэхүү эмнэлгийг барьж байгуулна гэдэг ихээхэн буян үйлдэж буй хэрэг юм” хэмээн онцолж байлаа.

Ёслолын үеэр Геронтологийн төвийн дарга Р.Оюунхандаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Геронтологи гэж юу вэ?

-Геронтологи гэдэг нь насжилт судлал, хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдөр бид бүхэн шинэ эмнэлгийнхээ шавыг тавиад байна. Энэ маань юуг хэлж байгаа юм гэхээр настангуудынхаа төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

-Манай улсад насжилт судлал хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Насжилт судлал манай улсад хөгжиж эхлээд 30-аад жил болж байна. Энэ хугацаанд манайд шилжилт хөдөлгөөн явагдан татан буугдаж, устаж үгүй болж байсан удаатай. Гэсэн хэдий ч ЭМЯ-ны харьяа Геронтологийн төв нь Монгол улсын Засгийн газрын 2005 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 209 тоот тогтоолоор шинэчлэн байгуулагдсан.

-Геронтологийн төвийн өмнө нь хийж байсан болон цаашдын хийх ажлуудын талаар сонирхвол?

-Манай төв амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Настан буурлууддаа харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн шинэ эмнэлэг маань ашиглалтад орохоор цаашдаа илүү эрчимтэй үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

“Геронтологи” гэдэг гадаад үг монголчууд бидэнд танил болсноос хойш цөөхөн жил болж байгаа хэдий ч тус төвөөс явуулж буй үйл ажиллагааг мэдээллийн хэрэгслүүдээс нэлээд сонсох болсон. Тус төвийнхөн “Эрүүл наслалт хүн бүхний ирээдүй” гэсэн уриаг зорилгоо болгон ажилладаг юм билээ. Мөн жил бүрийн ахмадын өдрийг тэмдэглэх хүрээнд Геронтологийн төвөөс олон ажлыг зохион явуулдаг байна. Тус төв нь цомхон бүтэцтэйгээр цар хүрээ ихтэй ажлыг улс орны хэмжээнд явуулж, ахмадуудынхаа төдийгүй ирээдүйн настнуудын төлөө санаа тавин ажилладаг гар нийлсэн эвсэг хамт олон болох нь хэдхэн хором хамт байх мөчид л мэдрэгдэж байлаа.

С.Уламбаяр

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж