Зүүн Азийн эдийн засгийн хурд саарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн эдийн засгийн хурд саарчээ

Зүүн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд намжиж байгааг Дэлхийн банкны судалгаа харуулсан байна. Энэ бүс нутаг эдийн засгийн өсөлтийг 2011 онд 8.2 хувь, 2012 онд 7.8 хувиар өсгөхөөр төлөвлөж байсан. Гэсэн ч Европ өрийн хямралаас гарах гарц хайж, дэлхийн эдийн засаг хямралын ирмэгт ирсэн нь Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулсан байна. Тиймээс  Дэлхийн банк Азийн орнуудад дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өсгөхийг уриалж байгаа ажээ. Зүүн Ази дэлхийн эдийн засгийн хямралыг давж гарах хамгийн тохиромжтой бүс боловч эрсдэлээс зайлж чадаагүйг сүүлийн хагас жилийн эдийн засгийн өсөлтийн график харуулсан юм. Европын орнууд төсвийн хатуу бодлого хэрэгжүүлж, өсөлт буурсан болон банкууд хуримтлалаа нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн  зэрэг нь Зүүн Азийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж Дэлхийн банкны Ази Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Берт Хофман ярьсан байна. Нөгөө талаар тус бүсэд гарсан байгалийн гамшигт үзэгдлүүд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Тайланд зэрэг хэд хэдэн оронд одоо ч үргэлжилж буй үерийн гамшиг тус бүсийн эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж байгаа ажээ. Дэлхийн банкны мэдээлж буйгаар тус бүсийн эдийн засаг дахь бууралт цахилгаан хэрэгслийн экспорт, үйлдвэрлэлийн салбарт тодорхой харагдаж байгаа гэнэ. Экспортод түшиглэсэн эдийн засагтай Азийн орнуудад АНУ болон Европын хямрал шууд нөлөөлж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж