Огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн тавина

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн тавина

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд тусгаснаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих бол Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдээс дөрөвний нэг нь тавих ёстой гэж заажээ.

Тодруулж хэлбэл, УИХ-ын 76 гишүүнээс 19 нь энэ асуудлыг тавьсан нөхцөлд УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргана хэмээн томъёолжээ. Учир нь УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхэд хуулийн зөрчил үүсч, улмаар гишүүд төдийгүй хуульчдын дунд томоохон маргаан дэгдээсэн юм. Нөгөө талаас бас хоёрдмол утга агуулж байсан учраас УИХ өөрөө энэхүү зөрчлийг арилгах ёстой хэмээн үзэж, Засгийн газраас санал авалгүйгээр дээрх төслийг УИХ-д мэдүүлсэн байна. Харин хэлэлцүүлгийн шатанд дээрх төсөл маргаан дагуулав.

Тухайлбал, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах асуудлыг тавьж байсан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Хэний захиалгаар, хэний даалгавраар ийм төсөл оруулж ирээд байгаагаа тайлбарла” гэж төсөл санаачлагчдаас хариулт хүссэн бол УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавих болоход хуульд зааснаар 19 гишүүн хүрэхгүй байсан учраас бидэнд боломж олдоогүй. Гэтэл УИХ-ын дарга есөн гишүүний саналыг хүлээж аваад, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж асуудал үүсгэсэн. Энэ бол маш ноцтой асуудал. УИХ-ын дарга хууль зөрчсөн асуудал босч ирж байгаа. УИХ-ын даргыг байнгын хорооны хуралдаанд дуудаж авчран тайлбар авах ёстой гэв. Энэ үгийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр өлгөж аван “УИХ-ын даргыг огцруулъя л даа, тэгвэл” гэдэг юм байна.

Улмаар маргаан даамжирч, гишүүн Э.Бат-Үүл:

-Ерөнхий сайд огцорсон нөхцөлд дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Ийм утга агуулгаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих бол УИХ-ын гишүүний дөрөвний нэг нь тавина гэж Үндсэн хуульд тусгайлан зааж өгсөн. Нөгөө талдаа Ерөнхий сайд огцорсон нөхцөлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн утга агуулга явж байгаа учраас зургадугаар сард өргөн мэдүүлэхээр төлөвлөж байсан төслөө Д.Дэмбэрэл даргад өгч чадаагүй. Гэтэл УИХ-ын дарга нэг хэсэг гишүүнийх нь саналыг хүлээж авдаг, нөгөөхийг нь хүлээж авдаггүй байж таарахгүй. Энэ бол ялгаварлан гадуурхсан үзэл.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:

-С.Баяр Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөнөөр оронд нь С.Батболд томилогдож байсан. Яагаад есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эрх зүйн үндэслэл үүсээд болохгүй болчихоод байгаа юм бэ. Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах асуудлыг тавьж болно гэдгийг нэр бүхий хуульч хэлээд байна.

УИХ-ын Тэмүүжин:  -Нэр бүхий хуульч тань хэн юм бэ та хэлчих л дээ.

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:

– Хоёр, гуравхан хоногийн дотор хуулийн төсөл санаачилж оруулж ирчихээд юу яриад байгаа юм бэ. Та нарын ард ер нь хэн байгаа юм бэ?


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 
-Та ямар хартай юм бэ?


УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-Би харгүй байсан, та нар хартай болгосон.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар:
-Та тэгвэл хэний захиалгаар, хэний даалгавраар Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан юм. Өөр шигээ хүнийг боддогоо болих хэрэгтэй. Таны ард тэгвэл хэн байгаа юм бэ.


УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
Миний ард би л байна, өөр хэн ч байхгүй чиний ард харин хэн байгаа юм бэ хэл л дээ?

Байнгын хорооны дарга Ц.Сүхбаатар: -Миний ард сонгогчид л байгаа.


УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-УИХ-ын даргыг дуудаач ээ. Ц.Батбаяр асуудал тавихаар УИХ-ын дарга хүлээгээд авчихдаг, Э.Бат-Үүл санал тавих болохоор яагаад болдоггүйн учрыг асуумаар байна.

Ийн маргалдаж байх зуур УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орж ирсэн юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: -Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг таныг тавих үед  бид ярилцсан. Тэгээд Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүнээс 19-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина гэж заасан байдаг тэр заалтыг хүндэтгэн үзэж, та тавихаа больсон. Нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрт та асуудлаа өргөн мэдүүлээгүй. Харин есөн гишүүний тухайд чуулганы танхимд асуудлыг тавьсан. Шууд барьчихсан. Уг нь тухайн өдөр УИХ-ын гишүүдэд маргааш өдрийн 09.30 цагт албан өрөөндөө хүлээж авна гэж цаг товлосон. Гэтэл есөн гишүүн “Саналыг хүлээж авахгүй зугатаагаад байна гэх мэтчлэнгээр янз бүрийн юм яриад явсан. Тэгж тэгж пүрэв гаригийнхаа үдээс хойш нь чуулганы нэгдсэн хуралдааны үеэр шууд саналаа уншаад барьчихсан. Барьчихсан албан бичгийг хүлээж аваад, холбогдох байнгын хороо руу шилжүүлэхээс өөр яах юм. Харин Х.Тэмүүжин нарын гишүүд төсөл санаачлаад зөрчил үүсгээд байгаа асуудлыг нэг тийш шийдье гэсэн нь сайн хэрэг. 

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: -УИХ-ын дарга аа, та ёстой барим тавим худлаа ярьчих юм аа, хэзээ 09.30 цагт өргөн бариарай гэж цаг хэлсэн юм бэ. Бид бүр Г.Батхүү даргад саналаа өргөн мэдүүлэх гэтэл хүлээж аваагүй зугатаад алга болсон. Бүтэн нэг цаг хүлээсэн. Дараа нь Н.Энхболд даргад асуудлыг тавьтал “Хүлээж авахгүй” гэсэн. Тэгээд танд барьсан. Битгий ингэж худлаа ярь.


Д.Дэмбэрэл:
-Батбаяр гишүүн ээ, өөр дээрээ баримт тавин худлаа ярилаа гэдэг үгийг авах хэрэгтэй байна шүү.

Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой хууль зүйн маргааныг шийдвэрлэх зорилготойгоор оруулж ирсэн төсөл УИХ-ын даргыг хууль зөрчсөн асуудал руу чирч, нэлээд маргаан дагуулсны эцэст санал хурааж, ямар ч байсан нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Гэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл уг хуулийн төслийн хэрэгжих хугацааг шинэ парламент эмхлэн байгуулагдсан үеэс мөрдөхөөр тусгаж өгөх ёстой гэсэн юм. Ингэхгүй бол энэ асуудлаас болж, одоогийн парламентын гишүүд асуудлыг гурав, дөрвөн янзаар ойлгон тайлбарлаж, улстөржүүлж болзошгүй хэмээн үзэв. Мөн төсөлд Ерөнхий сайдыг огцруулах төсөл санаачлан оруулж ирсэн нөхцөлд дараагийн Ерөнхий сайдын нэрийг давхар оруулж ирнэ. Ингэхгүй бол үүрэг гүйцэтгэгчтэй Ерөнхий сайдтай байх тохиолдолд энэ их газрын баялагтай, улстөрийн асар их өрсөлдөөнтэй үед аюул дагуулна гэж үзсэн юм. Гэхдээ энэ асуудлаар санал хураалгаагүй, шат шатны хэлэлцүүлгийн шатанд тусгаад явах боломжтой гэж үзлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж