Америкаас гадна дэлхийн 1000 гаруй хотод нөлөөгөө аваад буй “Уолл Стритийг чөлөөл” хөдөлгөөний сүр хүч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Өнгөрсөн ням гаригт Америкийн цагдаа нар тус хөдөлгөөний хүрээнд Сан-Франциско хотын Төв банкны барилгын өмнө босгосон майхан хотхоныг буулгаж, зургаан хүнийг баривчилсан юм. Үүнийгээ албан хаагчид ажил үүргээ биелүүлэхэд саад учруулсан хэмээн хүчнийхэн мэдэгдсэн байна. Дэвис хотын Калифорнийн их сургуульд ч нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд цагдаа хүчнийхэн хөдөлгөөнд оролцогсодтой зүй бусаар харьцсаны улмаас есөн оюутан гэмтэж, хоёр эмх журам сахиулагч үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөх арга хэмжээ авахуулсан байна. Гэлээ ч “Уолл Стритийг чөлөөл” хөдөлгөөнийхөн гандан буурахгүй тэмцсээр байх болно гэжээ.
У.Болор