Европ, АНУ-ын өрийн хямрал айдас түгшүүр дагуулахын зэрэгцээ зэсийн үнэ унаж байна. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том хүч Хятад өрийн хямрал дэлхийн эдийн засагт дахин хямрал авчрахыг анхааруулжээ. Өчигдөр металын зах зээл дээр зэсийн үнэ энэ сард хамгийн их унасан өдөр байв. Европт өрийн хямралтай холбоотой яриа амнаас ам дамжиж, хүчирхэг эдийн засагтай гэгдэж байсан АНУ дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж буйгаас үйлдвэрлэлийн гол түүхий эд зэсийн үнэ ийнхүү унаж эхэлжээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд “улаан” металын ханш гурван хувиар буурснаас хөрөнгө оруулагчид түгшиж байгаа ажээ. Зэсийн ханш ийм тогтворгүй байгаа нь зэсийн импортын 40 хувь ногддог Хятадын эдийн засагт нөлөөлж болзошгүй байгаа юм. Лондоны металын зах дээр нэг тонн зэс өчигдөр 7,252 ам.доллараар худалдаалагдаж, өмнөх өдрийн үнээс 215 ам.доллараар буурсан байна. Харин Нью Йоркийн металын зах дээр нэг фунт зэс 3.3030 ам.долларын ханштай байв. Энэ нь энэ улирлын ханшийн дунджаас доогуур үзүүлэлт юм. Европыг өрийн хямрал нөмөрч, АНУ-ын эдийн засгийн доройтол түгшээж буй энэ үед АНУ-ын хууль тогтоогчид зардлаа танаж, түр амьсгаа авахын тулд зэсийг гол хөшүүрэг болгон ашиглаж байна. Макро эдийн засгийн өсөлт бууралтыг харж болдог цорын ганц түүхий эд бол зэс билээ. Тиймээс улс орнууд эрсдэлтэй нөхцөлд гол хамгаалалт болгон ашигладаг. Лондоны металын зах дээр зэсийн ханш буурсан үзүүлэлт гарсан ч эрэлт цаашид улам өсөх аястай байгаа нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар алтны үнэ өмнөх улирлын мөн үеэс хоёр хувиар буурсан нь мөн л Евро бүсийн өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн доройтлоос болсон гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
Өчигдөр Азийн металын зах дээр нэг унци алт 1,674.79 ам.доллараар худалдаалагдсан нь сүүлийн дөрвөн долоо хоногийн хамгийн бага үнэ юм. АНУ-д нэг унци алт 1,675.80 ам.доллар болж, хоёр хувиар буурчээ. Нью Йоркт брент маркийн нефть өчигдөр нэг баррель нь 106.88 ам.доллараар худалдаалагдсан байна.
Н.Энх