Эл хэвлэлийн бага хуралд философич С.Молор-Эрдэнэ болон “Мон судар” хэвлэх үйлдвэрийн төлөөлөгч оролцсон бөгөөд тэрбээр “Өнөөдөр нийгэмд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа философич С.Молор-Эрдэнийн “Монголчуудын хар хайрцагны бодлого”, “Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” хэмээх хоёр номын хүрээнд сэтгүүлч нартай ярилцахаар эл хурлыг зарлалаа. Эдгээр номын нээлтийг хэдийгээр долоо хоногийн өмнө хийсэн ч хоёр телевизийн сэтгүүлчдээс өөр нэг ч сонингуудаас төлөөлөл ирж оролцоогүй. Би үүнийг маш их гайхаж байна. Ер нь манайд жирийн амьдралын талаар ярьж, бичиж байгаа хүн тун ховор байдаг. Ялангуяа номын хэлбэрт бичдэг хүн ховор тул бид нар энэ номыг бичсэнд олзуурхаж, эрхлэн гаргаж хүмүүсийн гар дээр тавьсан. Мон судар хэвлэлийн газар нь нийгэмд эрэлт, хэрэгцээтэй агуулга, сэдвээр бичигдсэн номуудыг эрхлэн гаргаж хүмүүсийн хүртээл болгодог” хэмээв.
Философич С.Молор-Эрдэнэ энэ бүтээлийнхээ талаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний адилаар номоороо уулзан танилцах гэсэн ажлуудыг явуулжээ. Тэрбээр “Сүүлийн үед оюуны салбарт шинэ ном төрөхөөр хүмүүс хоёр янзаар ойлгох болж. Нэг хэсэг нь мэргэжлийн номыг анхнаас нь буруу ойлгон тэр л ойлголтоороо мэтгэлцэх, маргалдах гээд байдаг. Бас нэг хэсэг нь номын гарчигийг хараад уншдаггүй, больчихдог хүмүүс байна. Мөн залуучууд ном уншдаггүй юм байна. Тэд тархиа хөгжүүлэхгүй байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.