2012 оны эхээр Австрийн Инсбрук хотноо болох залуучуудын анхдугаар цагаан олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг Төв аймгийн Борнуур сумын дунд сургуулийн сурагч Дандарын Өсөхбаяр хүртээд буйн учир үүнийг дуулгав. Залуу олимпчин Д.Өсөхбаяр, түүний багш нартай уулзаж бэлтгэл сургуулилтынх нь талаар ярилцахаар Биеийн тамир спортын газрын дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо саяхан Борнуурт очоод ирлээ. Д.Сүрэнхорлоо дарга “Борнуурын өсвөр цаначид сүүлийн жилүүдэд маш сайжирч байгаа. Насанд хүрэгчидтэй ч ана мана уралдах болсон. Ичинхорлоо багш нь хамаг анхаарлаа энэ хэдэн хүүхдийн төлөө хандуулж, уйгагүй зүтгэсний үр дүн гарч байгаа. Ноднинхон өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг явахад бүрэлдэхүүнийг нь Борнуурынхан зонхилон бүрдүүлсэн” гэж байв. Энэ үеэр Өсөхбаярын дасгалжуулагч Д.Ичинхорлоотой ярилцсан юм.
-Танд баяр хүргэе. Та энэ нутгийн хүн үү?
-Төв аймгийнх. Борнуурт төвхнөөд 15 жил болжээ. Биеийн тамирын багшаар 33 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн гурван жилд Төв аймгийн шигшээ багийг эндээ давхар дасгалжуулж ирлээ.
-Тамирчдын амжилт гаргахад нутаг орны дэмжлэг их биз?
-Сумын засаг дарга Н.Мөнхбаатар, сургуулийн захирал нар их дэмждэг. Хүүхдүүд сургуулийнхаа дотуур байранд байрлаад бэлтгэлээ хийнэ. Бид цугларалтад гараад 20 гаруй хонолоо. Цас багатай байна. Гэхдээ хүүхдүүд суурь бэлтгэлтэй болохоор гайгүй ээ. Мөн цанын холбооны тэргүүлэгчид маань улирал тутам 25 мянган төгрөг өгдөг, тэрүүгээр нь бид цугларалтын зардлаа зохицуулна.
-Борнуураас цанын спортоор нийтдээ хэдэн мастер төрөөд байна?
-Олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 6, спортын дэд мастер 4 байгаа. Цана, хэрэглэлээс болоод олон хүүхэд авч чадахгүй юм. Иж бүрэн цана гуравхантай. Яг цанаар дагнасан 13-14 хүүхэд бий. 1998-2001 оны хүүхдүүдийг сая шинээр аваад 20 гаруй хүүхэд болсон. Ерөнхийдөө цана-гүйлт хослуулж хичээллэдэг. Тэгэхээр зунд бэлтгэл тасрахгүй, тэмцээн олонтой болдог давуу талтай. Ноднингийн Цанын холбооны нэрэмжит тэмцээнд манай буухианы баг тасархай түрүүлж олон хүнийг гайхшруулсан. Насанд хүрэгчдийн тэмцээнд хөдөөгийн сумын баг түрүүлсэн хэрэг. Дараа нь УАШТ-ий буухиа уралдаанд хоёрдугаарт орсон.
-Таны шавь Д.Өсөхбаяр “Инсбрук-2012” олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй боллоо. Шавийнхаа талаар танилцуулаач!
-Манай сургуулийн 11-в ангийн сурагч Дандарын Өсөхбаяр 2007 оноос цанаар хичээллэсэн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. 2010 оны улсын хошой аварга, 2011 онд УАШТ-ээс мөнгө, хүрэл медальтай. Монгол туургатны хүүхдийн наадмаас мөнгө, хүрэл медаль зүүсэн. Тэших техникээр их сайн уралддаг. Өсөхөөгийн бэлтгэл сайн байгаа. Одоо олимп эхэлтэл хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ, бэлтгэлээ улам чамбайруулж байгаад амжилтаа ахиулахын төлөө уралдана.
Сонирхуулахад Д.Өсөхбаяр 1995 оны арваннэгдүгээр сарын 10-нд мэндэлсэн байна. Түүний 16 нас хүрсэн өдөр нь Олон улсын олимпийн хорооноос “Инсбрук-2012”-т урьсан баярт мэдээг илгээжээ.