БЗД-ийн АН-ынхан Захиргааны хэргийн шүүхэд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

БЗД-ийн АН-ынхан Захиргааны хэргийн шүүхэд ажиллана

Иргэдийн эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн гол зарчим юм. Уг зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал механизм нь Захиргааны хэргийн шүүх бөгөөд уг шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нь нийгэмд ил тод байдал, шударга ёс тогтох, хүний эрх, эрх чөлөөг хангах нэгэн баталгаа болж өгдөг байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж иргэдэд тусламж үзүүлэхээр болжээ. Ардчилсан намын Хуулийн хэлтсийнхэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, Улаанбаатар хот болон 11 аймгийн 1500 иргэн мөн хууль, хяналтын байгууллагын 200 албан хаагчдын дунд судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан аж. Судалгаанд оролцогчид Захиргааны хэргийн шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй шалтгаанаа Захиргааны хэргийн шүүх гэж ямар байгууллага байдгийг мэдэхгүй гэсний зэрэгцээ Захиргааны хэргийн шүүх хүнд сурталтай, шүүгч нарын харилцааны чадвар муу, эрх мэдэлтэн, албан тушаалтны талд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргадаг, өмгөөлөгчийн туслалцаа авах боломж муу байдаг зэргээр тайлбарласан байсан аж. Мөн судалгаанд оролцогчдын 81 хувь нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бодит амьдралд хангалтгүй хэрэгжиж байна гэж үзжээ.

Тиймээс Баянзүрх дүүргийн Ардчилсан нам уг асуудалд анхаарлаа хандуулж, Захиргааны хэргийн шүүх дээр иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллахаар болжээ.  Иргэдэд хууль зүйн мэдлэг олгох, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар болон захиргааны хэргийн шүүхийн талаар нэгдсэн ойлголт өгөх, үнэгүй зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах аж. Энэ ажлыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хуулийн хэлтэс гардаж ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд иргэдийг хүлээж авах ажээ. Ингэхдээ дан ганц Баянзүрх дүүргийн иргэд гэлтгүй нийслэлийн бусад дүүргийн иргэдэд мөн адил үйлчлэх гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж