”Тусгаар тогтнолын ордон”-оо хамгаалъя

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

”Тусгаар тогтнолын ордон”-оо хамгаалъя

Шатах бүртээ өнгө нэмэн жавхааждаг нэг байшин Улаанбаатар хотын төв цэгийн ойролцоо оршино. Энэ бол мэдээж Ардын намын төв байр буюу “Тусгаар тогтнолын ордон” юм. 2008 оны долоодугаар сарын 1-ний их үймээний үеэр жагсагчдын хөлд сүйдэж, шатсан уг барилгыг Ардын намын зүгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө, хүч хаян барьж байгаа. Улсаас зургаан тэрбум, намынхаа гишүүдээс тэрбум, тэрбумаар нь аван байж босгож байгаа уг барилга ашиглалтад орохоосоо хэдхэн хоногийн өмнө ийнхүү дээвэр хэсгээ галд өгчих шахав. Ард түмэн “Галын дөл өөдөө” гэж байхад, тус намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Гал юунаас болж гарсан нь нэлээд эргэлзээтэй. Ер нь бол бид галыг санаатай тавьсан гэж үзэж байгаа” хэмээсэн байна. Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатарын хэлсэн үг үнэний ортой ч байж мэднэ. Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны ойн баяраар ашиглалтад оруулахаар бэл­дэж байсан уг барилгад хэн нэгэн атаархсан ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь яаж ч бодсон хардахаас өөр аргагүй байгаа юм. Уг хэрэг гарсан бүтэн сайн өдөр тус намын сан хөрөнгийн хэлтсийн ажилтнууд болон цэвэрлэгээний ажил хийж байсан хүмүүс барилга до­тор байсан гэсэн. Хамгийн түрүүнд тэр хүмүүсээс асууж тодруулах хэрэгтэй болов уу. Хэн нэгэн танихгүй этгээд бамбар барьчихсан долоо, наймдугаар давхраар явж харагдсан эсэхийг тод­руулах хэрэгтэй. Хэрвээ тэд сэжигтэй этгээдийг харсан бол хэлэх нь гарцаагүй шүү дээ. Эндээс учир шалтгаан нь тодорхой гарахгүй бол барилгын хажууханд байрлах “Улаанбаатар” зочид буудал, хойд талд байрлах “Сод монгол” групп, “City тавер”-ийн ажилтнуудаас тодруулах хэрэгтэй. Тэд ч гэсэн бамбар энэ тэр барьж явсан хүнийг харсан бол хэлж л таарна. Бас “Централ тавер”-ийн хамт олноос ч тодруулсан болно. Ингээд галдан шатаахаар оролдсон этгээд олдохгүй бол Онцгой байдлын албаны гал унтраагчдын дүгнэлтийг нарийн харах хэрэгтэй. Тэд бас үндэслэлтэй байж болохоор шалтгаан гаргаж ирж магадгүй шүү дээ. Гэхдээ л тэдэнд итгэж суухаар өөрсдийнхөө хардаж байгаа хүмүүс рүү дайраад авах нь зөв шүү. Ер нь Ц.Сүхбаатар дарга шиг шулуухан үгтэй хүмүүс их олон болоосой. Учрыг нь олоогүй байж шууд л хэн нэгэн рүү бурууг тохож чадах ийм л зоригтон бидэнд хэрэгтэй байна. “Тусгаар тогтнолын ордон” одоо 26-нд ашиглалтад орно. Ардын намынхан одоо ордноо той­руулаад хамгаалалт гаргах хэрэгтэй. Тамхи татаж яваа хүнийг ч барьж саатуулаад шалгаад байх хэрэгтэй. Зөв үү, Ц.Сүхбаатар дарга аа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж