”Ерөнхий сайдыг огцруулах асуудал хаагдана”

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

”Ерөнхий сайдыг огцруулах асуудал хаагдана”

Д.Балдан-Очир: УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулбал ерөнхий сайдыг огцруулах асуудал хаагдана

УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай шаардлагыг УИХ-д тавьсан тавьсан. Мөн тэд “Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэж байсан юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очироос тодрууллаа.

-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн удахгүй Үндсэн хуулийн Цэцэд хандана гэж байсан юу болсон юм бэ?

-Бид шаардлагаа УИХ-д өргөн барьчихсан байгаа. УИХ-ын тухай хуулийн 7.1.12-т заасан “УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах” заалт Үндсэн хуулийн агуулгатай нийцэхгүй байна гэж УИХ-ын зарим гишүүн үзэж байгаа. Үүний үндсэн дээр хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барих гэж байна. Хууль санаачлагчид УИХ-аас сонгогддог албан тушаалтныг огцруулах тухай ярьж болно. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдад хамаагүй гэх агуулгыг хуулийн төсөлд тусгасан байгаа юм.

-Хууль санаачлагч дотор УИХ-ын гишүүдээс хэн, хэн байгаа вэ?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарын гишүүн бий. Тэд Үндсэн хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан гарсан салбар хуулиуд эргээд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байх тохиолдол зарим хуульд бий учир ийн хуулийн төсөл өргөн барьж байгаа юм билээ. Миний бодлоор үүнийг зөв зүйтэй гэж бодож байна.

-Тэгэхээр та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаа цаашид яах вэ. Ярих боломжгүй болно гэсэн үг үү?

-УИХ-ын зарим гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдчихвал нэр бүхий есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулах асуудал хаагдана гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхойгүй байдалд л байна.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг хугацаанаас нь өмнө баталж амжих нь уу. Танай намын бүлэг өнөөдөр /өчигдөр/ энэ талаар хэлэлцсэн байх?

-Манай намын бүлэг ерөнхийдөө ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ жилийн төсөв их тэлсэн учир хэлэлцэхэд тун түвэгтэй байна. Төсвийн тухай хуулийн төслийг ирэх сарын 1 гэхэд батлахгүй бол хуулиар УИХ өөрөө тарах учиртай. Сонгуулийн жилийн төсөв болохоор намууд, гишүүд амлалтаа биелүүлэхийг зорьж байгаа. Ирэх жилийн төсөв дөрөв дахин нэмэгдэж буй. Ийм үед улс орны хөгжилд дорвитой ажил хийнэ. Иймээс орон нутаг дахь сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг явуулах хөрөнгө оруулалтыг хасаж байгаа гэж ярьж байна. Гэтэл үнэн хэрэгтээ хийх дорвитой ажил харагдахгүй байна.

-Урсгал зардлыг танах асуудлыг хоёр намын бүлэг хэлэлцэж байгаа. Харин танай намын бүлгийн хувьд урсгал зардлыг хэрхэн танах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Намын бүлгээр ирэх оны төсвийн урсгал зардлаас 400 гаруй тэрбум төгрөгийг хасаж болох юм гэж ярилцсан. Харин дахин хэлэлцээд 200 орчим тэрбум төгрөгийг хасахаар болж байх шиг байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж