Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

”Сахал” эргэж ирлээ

Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллах болсон учир түүний орны хүнийг өчигдөр Ерөнхийлөгч то­миллоо. Тус албаны “Шинэ” даргаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан, “сахал” Б.Билэгтийг төрийн тэргүүн сонгожээ. Уг нь түүнийг АТГ-ын дарга болох байх гэсэн таамаглал саяхныг хүртэл байсан. Тэрбээр олон жил гүйцэтгэх албанд ажилласан, манай урдаа барьдаг тагнуулчдын нэг юм. Үүнээс гадна цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан партизан. МоАХ-ны анхдагч,  тус холбооны даргаар ч ажиллаж байсан эр. Олон нийтэд хамгийн их танигдсан нь 1996-2000 онд ардчилсан хүчнийхэн засгийн эрх барьж байх үед түүнийг Радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар томилсон явдал. Тэрбээр энэ үед нэр бүхий зарим улстөрчидтэй нударга зөрүүлсэн, өрөөндөө дуудаж агсамнасан зэрэг үйлдлээрээ хүмүүсийг гайхшруулж байв. Дургүйг нь хүргэсэн хэнд ч гэсэн “шанаа” өгч мэдэх гудамжны хулигаан ч гэж зарим хүн дүгнэдэг. Тийм ч учраас нэг хэсэг “Боевик” гэдэг хочтой болсон. Харин сүүлд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллахдаа чих нь “зөөлөрч”,  төрийн хүний хат суусан гэдгээ хүмүүст таниулсан билээ. Ер нь шударгадуу яриа хөөрөөтэй, түс тас зантай, цөс ихтэй нэгэн гэдгээрээ ардчиллын хууччууд дундаа ал­дартай нэгэн. Ямар ч гэсэн удтал сураг тасраад байсан “Сахал” эргэж ирлээ.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж