Г.Аррои өнгөрсөн долоо хоногт хилээр гарах хүсэлтээ өгсөн. Харин Филиппиний Ерөнхийлөгч Б.Акуино түүнийг гадны эмч нарыг урьж авчраад үзүүлэхийг санал болгосон юм. Филиппний экс Ерөнхийлөгч түүний үгийг үл ойшоон Дээд шүүхээсээ зөвшөөрөл авсан боловч Засгийн газрын төлөөлөгчид түүнийг баривчилжээ. Тэргэнцэр дээр суугаа, нүүрэндээ цагаан маск зүүсэн хатагтай Г.Аррои эх орноосоо алхам ч холдож чадахгүй болсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр харууллаа.
Өнгөрсөн онд албан тушаалаа хүлээлгэн өгсөн түүнийг 2007 онд болсон сонгуулийг будлиантуулсан гэх хэргээр 40 жил хорьж магадгүй. Түүнчлэн Засгийн газрын хэрэгцээнд зарцуулахаар төсөвлөсөн мөнгийг өөрийнхөө сонгуулийн кампанит ажилд зориулж хэрэглэсэн. Хэд хэдэн томоохон төслийн тендэрийг хууль бусаар олгож, авлига авсан гэх. Тухайлбал, Филиппиний Засгийн газар 2004 онд Хятадын “ZTE” хэмээх харилцаа холбооны компанитай гэрээ байгуулсан бөгөөд энэ үеэр Г.Аррои болон түүний нөхөр Майк Аррои нар их хэмжээний хахууль авсан гэж хууль сахиулагчид үзэж байгаа аж. Иймэрхүү хэргийн жишээ үүгээр дуусахгүй. Түүнчлэн Г.Арроигоос өмнө Ерөнхийлөгч байсан Ж.Эстрадогийн авлига авсан хэргийг хаацайлж, нуун дарагдуулсан гэх мэт маш олон хавтаст хэрэг сөхөгдөж байна.
Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүлчид 2000 онд тус улсын 13 дахь Ерөнхийлөгч Жозеф Эстрадотой холбоотой олон баримтыг дэлгэсэн. Үүний дараа Филиппиний дээд шүүхээс арга буюу түүнийг огцрохыг шаардаж, хорих ял оноосон юм. Хожим нь Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон Г.Аррои Ж.Эстрадод уучлал үзүүлж, түүнийг сулласан билээ. Харин албан үүргээ гутамшигтайгаар хүлээлгэн өгсөн Жозеф Эстрадо өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлджээ. Гэхдээ тэр ялагдсан юм.
Өнгөрсөн хавар Филиппиний Авлигатай тэмцэх газрын тэргүүн Мерседитас Гуттиеррезийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Түүнийг Г.Арроиг Ерөнхийлөгч байх үедээ авлига авсан хэргийг нь хэд хэдэн удаа нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байв. Г.Аррои Филиппиний Ерөнхийлөгч байх үедээ буюу 2005 онд М.Гуттиеррезийг Авлигатай тэмцэх газрын даргаар томилж байжээ. Харин түүнийг огцруулах шаардлагыг 2009 онд иргэний хөдөлгөөнүүд нь тавьж байсан бол Г.Арроин тэргүүлдэг намын гишүүдээс бүрдсэн парламентын доод танхим нь хаацайлан өнгөрүүлсэн. Хожим нь Филиппиний Либераль намын дарга Бенигно Акуино Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг нэг тийш болгожээ.
Улс орны хамгийн дээд эрх мэдлийг атгасан хүмүүс албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа хийсэн хэрэг, хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх шаардлагатай тулгардаг жишээ сүүлийн үед олшрох болов. Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенког ОХУ-ын талтай 2009 онд байгалийн хийн гэрээг хууль бусаар байгуулсан хэмээн буруутгаж байгаа. Украйнчуудад ширхэг зоосны ч ашиггүй гэх энэхүү гэрээнд гарын үсэг зурсны уршгаар Ю.Тимошенко долоон жил хоригдох ял сонссон юм. Украйны шүүх түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж 165 сая ам.доллар завшсан гэж үзсэн. Түүнчлэн 1990-ээд оны сүүлчээр 5.8 сая ам.долларын татварыг нуун дарагдуулсан гэж буруутгаж байв. Харин хууль хяналтынхны хуулийн үндэслэлтэй гаргасан гэх энэ шийдвэрийг Украйны парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ. Эцэст нь тэд Ю.Тимошенкогийн хэргийг цагаатгаж, түүнд ноогдуулсан өрийг хүчингүй болгосон юм. Харин Украйны экс Ерөнхий сайдын бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн. АНУ болон баруун Европын орнуудын ашиг сонирхол илт харагддаг орон бол Украйн. Тиймээс Ю.Тимошенкогийн хэрэгт улс төрийн нөлөө орсон гэх таамаг бий.
Харин манайд яадаг билээ. Ард түмний дэмжлэгийг авч чадалгүй сонгуульд ялагдсан хэрнээ “Би албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгөөгүй хүмүүсийг одоо шалгах хэрэгтэй” гэх ухааны зүйл ярьж суух экс Төрийн тэргүүн, авлига авсан, хууль бусаар хөрөнгө хураасан хэргийн гэрч нь гарч ирчихээд байхад түүнийг тоож шалгадаггүй хяналтынхан, элдвийн хэл аманд орооцолдчихоод огцрох тухай дурсдаг ч үгүй сайд л олон байх шиг. Экс Ерөнхийлөгч нь хамаг хэргээ “хүлээж”, гэрч болъё гэж байн байн ярьсаар байгаад улиг болон хоцорч ч мэдэх юм. Харин Филиппиний Авлигатай тэмцэх газрын даргын эрхийг түдгэлзүүлж байх үед манай шүүх Ч.Сангарагчаад хоёр жил дөрвөн сар хоригдох ял оноож байв. Энэ бол цаашид ч ховорхон тохиолдох давхцал байж болох юм. Гэхдээ тэнсэнгээр суллагдчихаад хэсэгтээ л Авлигатай тэмцэх газрын даргаар “ажилласан”-ыг нь эс тооцвол шүү.
"Улс төрийн тойм" сонин