Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт амжилттай барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар Германы шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Өнгөрсөн жил Монголын тамирчдаас анхлан лигийн системээр өрнөдөг Бундеслигт хүч үзсэн тэрбээр энэ жил дахин “KSV Kollerbach” багтай гэрээ байгуулсны дагуу Германы лигт барилдаж байгаа юм. Хэдийгээр Германы гэх тодотголтой боловч Европын алдартай бөхчүүд багуудтай гэрээ байгуулсны дагуу Бундеслигт хүч үздэг учир Европын лиг гэгддэг ажээ. Б.Наранбаатарын хувьд энэ улиралд Бундеслигт зургаан барилдаан хийхдээ дөрөвт нь ялаад байна. Өндөр амжилт гаргаж буй түүнийг Германы чөлөөт бөхийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийхийг урьсны дагуу Шифферштадт хотноо тус улсын шигшээ багийн тамирчидтай долоо хоног хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирэх юм. Түүний барилдаж буй “KSV Kollerbach” баг хэсгийн шатнаас шалгарсан тул ирэх сарын сүүлээр Герман руу буцаж, финалын барилдаанд зодоглох ажээ.
С.Цэлмэг