Тухайлбал инфляцийг нэг оронтой тоонд байлгана гэдэг сайхан. Дараагийн хоёр жилд найман хувьд барина гэдэг бүр ч сайн. Гэхдээ яаж тийм түвшинд байлгах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Төсвийн зардлаас бус төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгөөр бууруулвал гэсэн болзол тавибал өөр хэрэг. Түүнээс биш сонгуулийн жилд төсвийн зардлыг бууруулна гэдэг юу л бол. Асуудлын гол нь төсвийн зардал их үү, бага уу гэдэгтээ биш. Төсвийн зарлагаас орлогыг нь хасахад алдагдал нь өндөр гараад байдаг. Гэтэл тэрхүү төсвийн алдагдлыг санхүүжүүлж буй эх үүсвэрийг дотоод зах зээлээсээ буй болгож байна уу. Гадаад эх үүсвэрээс, эсвэл Монголбанкнаас мөнгө хэвлүүлж алдагдлаа хаагаад байна уу гэдгээс инфляци өсөх эсэх нь шалтгаалдаг.
Одоогийн байдлаар инфляци өсөж буй шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйлээс гаралтай гэж хэлж болно. Монголбанкны зүгээс төсвийн зардал хурдтай тэлсэн, “Хүний хөгжил сан”-аас бэлэн мөнгө тараасан, зээлийн хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж буй. Тэд үнэндээ “Долоон их наяд төгрөгийн алдагдалтай төсөв дээр инфляцийг 10 хувьд барих боломж хомс байна” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Үнэхээр ч боломжгүй харагдаж байгаа юм. Тэгэхээр төсвийн алдагдлыг наанадаж нэг их наяд төгрөгөөр бууруулбал инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэгт хэн итгэх болж байна. Монголбанкныхан итгэл муутай байна. Сангийн яам бүр ч амаргүй нөхцөл байдалтай тулгарлаа. Ямар сайндаа л Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн дарга Стивен Барнетт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ямар азаар би танай улсын Сангийн сайд биш юм бэ” гэх вэ дээ.
Ерөөсөө мөнгөний бодлогыг УИХ-д оруулж ирэхдээ л үүнийгээ Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөрөө сайтар хэлэлцэж, эцэслэн шийдэж байж бодит үнэнийг ярих учиртай байсан юм. Тэгсэн бол төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай зөв бодлогыг хэлэлцэж болж байна. Өнөөдөр төсөв, мөнгөний бодлого ямар ч уялдаагүйгээс “Алдагдлаа нэг их наядаар бууруулчихвал инфляцийг нэг оронтой тоонд барьж болох л юм” гэсэн онигоо яриад сууж байгаа юм. Хорин хувийн инфляцийг ийм нөхцөл байдалтайгаар нэг оронтой тоонд барина гэдэг дэндүү том зөрүү. Тиймээс одоо төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсвэл цаашид төсвийн болон мөнгөний бодлого ямар ч уялдаагүйгээр төлөвлөгддөг байх ийм л хоёр зам үлдээд байна.
Төсөв, мөнгөний бодлого уялдаатай байж чадахгүй бол төрийн мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэх шаардлагагүй юм биш үү. Монголбанкныхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Сайн” үнэлгээ авах, зэмлүүлэхээс эмээх үү. Эсвэл үнэхээр инфляцийг нэг оронтой тоонд барих боломжгүй байгаа бодит үнэнээ хэлээд цаашид энэ байдлаас хэрхэн гарах гарцаа олох уу гэдгээ шийдэх л хэрэгтэй болж дээ.
Мөнгөний бодлогын үр дүн наанадаж 15-18 сарын дараа гардаг гэж тэд ярьдаг юм билээ. Тэгвэл Монголбанкныхан яг ийм хугацааны өмнөх ажлын дүн одоо гарч байгаа хэрэг. Тодруулбал инфляцийн 11 хувийн өсөлт, айсуй 20 хувийн хүлээлт.
"Улс төрийн тойм" сонин