Харьд хоригдсон контрабандчидын парадокс

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Харьд хоригдсон контрабандчидын парадокс

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газар, Гадаад хэргийн яамныхны чихнээс хонх уях боллоо. Ялангуяа мансууруулах бодис хадгалах, тээвэрлэхтэй холбоотой олон муу мэдээ дуулдах нь ихэссэн. Тэр тусмаа уг гэмт хэрэгт хэн нэгэн холбогдсон л бол тухайн улсын хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэдэг нь дэлхийн хаана ч байдаг жишиг. Өнгөрсөн бямба гарагт ОХУ дахь Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж буй А.Батсайханыг Польш улсад гэр бүлийн хамт амрах гээд явж байхад нь баривчилсан. ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг “А.Батсайхан нь Польш улсад зорчих үедээ ямар нэг хууль бус зүйл хийгээгүй. Ямар ч гэмт хэрэгт холбогдоогүй. Харин өмнө нь буюу 2004-2007 онд  Польш улс дахь Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт нэр холбогдож байсан учир ийнхүү саатуулсан” хэмээн мэдэгдсэн. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл 2-5 жилийн хорих ял оноох талаар Польшийн прокурор мэдэгдсэн удаатай. Энэ төрлийн гэмт хэрэг улам нарийсч байгааг холбогдох албаны хүмүүс  иргэдэд анхааруулсаар бай­гаа. Жишээ нь, хүний ачаанд хар тамхиа хийж тээвэрлээд баригдах юм  бол эзэн холбогдогч байхгүй мэтээр дүр үзүүлдэг аж. А.Батсайханы хувьд ч энэ төрлийн гэмт хэрэгт нэр холбогдсон анхны тохиолдол биш бололтой. Өмнө нь Беларус улсад сууж байсан консул Х.Болдбаатар, Монгол Улсаас Австри улсад суух ЭСЯ-ны атташе хийж байсан С.Эрдэнэ, Болгар улсад суух ЭСЯ-ны зөвлөх асан Д.Шатарбал, ЭСЯ-ны ажилтан н.Ганболд, Гадаад хэргийн дэд сайд асан Ц.Цолмон, Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан н.Баярхүү, ГХЯ-ны дипломат ажилтан н.Алтансайхан  нар тус тус нэр холбогдож байсан гэх. Эдгээр хүмүүс өмнө нь Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж явсан  нь мэдээж. ОХУ-ын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхантай Польш улсад байдаг Консулын газрын төлөөлөгч хоёр ч удаа уулзсан аж. Одоогийн байдлаар түүний эрхийг зөрчсөн үйлдэл Польшийн талаас гаргаагүй гэсэн. Харин түүнд холбогдох хэргийг Польшийн прокурорын газраас удахгүй шүүх рүү шилжүүлэх талаар ч анхааруулсан аж. Удахгүй шүүх хурлын товыг албан ёсоор ГХЯ-д ирүүлнэ гэсэн.

“Дайны хажуугаар дажин” гэгчээр БНХАУ-д манай улсын хоёр залуу бас л хар тамхины  хэргээр саатуулагдаад байгаа талаар өнгөрсөн амралтын өдрүүдээр шуугив. Энэ талаар Гадаад хэргийн яаманд сэжигтнүүдийн талаар албан бичиг ирүүлсэн хэмээн мэдээлж байсан. Харин өчигдрийн байдлаар хоёр залуу 500 граммаас дээш хэмжээтэй мансууруулах төрлийн бодис биедээ авч явсныг тус улсын хууль хяналтынхан тогтоосон учраас ийнхүү саатуулагдсан та­­лаар өөрсдийн байцаалтад дурьд­сан байжээ. Урд хөршийн үндсэн хуулиар 50 граммаас дээш хэмжээтэй мансууруулах төрлийн бодис тээвэр­лэх юм уу, худалдахыг завдсан тохиол­долд цаазаар авах ял оноодог аж. Гэвч саатуулагдсан хоёр Монгол оюутан 500 граммаас дээш хэмжээтэйг биедээ авч явсныг тус улсын хууль хяналтын байгууллага баримтжуулсан. Нэг талаасаа уг хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байх байр суурийг баримталж буй талаар ГХЯ-ны консулын газрын дарга Д.Ганхуяг мэдэгдсэн. Нөгөө талаасаа Хятадын талаас хэргийн талаарх  мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллээр цацахгүй байхыг хүссэн байна.

Монголчуудад  бүх насаар  нь хорих ял сонсоод байгаа Л.Байгальмаагийн хэрэг том сургамж болоогүй бололтой. Ерөнхийдөө сүүлийн үеийн мэдээллээс дурьдвал БНХАУ-д хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэгт Монголын 10 гаруй иргэн холбогдон,  шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Хууль хяналтын байгууллагуудын үзэж буйгаар иргэд аюултайг нь мэдсээр байж элдвийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихсэж байгаа нь манай улсын гаалийн хяналт, Цагдаагийн байгууллагууд иргэдэд ухуулга сурталчилгаа, арга хэмжээ тааруу авч байгаагийн илрэл мэтээр тайлбарлаж байгаа. Дээрх хэрэгт холбогдсон хоёр залуугийн нэг нь гадаадад суралцдаг аж. Тэдний мэдэгдэлд “Бээжин, Гуанжоу хотоор аялах гэж явсан. Макао, Тайланд зэрэг улсаас брэндийн бараа зөөвөрлөж зарим хоол хүнсний зүйлээ авдаг. Цүнхэнд байсан эд зүйлс биднийх биш. Хүнд өгөх учир дотор нь юу байсныг нь мэдээгүй” гэж хэлсэн аж.  Нэг ёсондоо хүнд тус хүргэх гэж байгаад өөрсдөө балагт унасан мэтээр мэдэгдсэн байна. Зарим нэг тайлбараас үзвэл тэдний цүнхэнд “Хар тамхи хийсэн байх магадлалтай” талаар ч мэдэгдэлд дурьсан байжээ. 

Энэ мэт сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэргүүд ихсэж байгаад манай улсын хууль хяналтынханы болон иргэдийн өөрсдийн ухамсарын дутагдал буйг нотолж буй хэрэг. Энэ талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж