Энэ замын тухайд нэлээд урт түүхтэй аж. 1996-1997 онд Дэлхийн банкны төслөөр Монгол Улсын баруун чиглэлд явах гол замын байршлыг баталж, сайжруулсан буюу далан замыг тусгай технологиор барьж эхэлсэн түүхтэй гэнэ. Ийн эхлэл нь тавигдсан замыг барих ажлын тендэрийг 2007 онд зарлаж нэг жилийн дараа шалгаруулжээ. Харин барилгын ажил 2009 онд эхэлсэн байна. Уг нь эл замыг Катарын улсын буцалтгүй тусламжаар барьж дуусгах байж. Өөрөөр хэлбэл, Катар улс зам барь гэж тухайн үеийн засгийн газарт 10 сая доллар бэлэглэсэн гэнэ. Гэвч өмнөх Засгийн газрын хар гайгаар уг мөнгө нь сонгуулийн мөнгө болов уу, аль эсвэл эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэсэн үү, тэгс гээд л алга болсон байна. Харин энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу тус замын төсөв хөрөнгийг гаргаж өгснөөр өнөөдөр биелэлээ олж, “Мон роуд” компанийн замчид барьж гүйцэтгэснээр архангайчууд болоод баруун аймгийн иргэдэд том буян үйлдэж байгаа юм. Энэ замыг нээх ажиллагаанд оролцсон “Мон роуд” компанийн үүсгэн байгуулагч Б.Гарамгайбаатар, “Замчид маань хоёр нарны хооронд өдөр шөнөгүй ажилласны эцэст энэ замыг ашиглалтад орууллаа. Зам гэдэг буянтай ажил. Бид энэ буяныхаа ажлыг цаашид үргэлжлүүлэх болно” гэдгээ нээлтийн үеэр хэлж байлаа. Замчдын хувьд 2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал хамгийн хүндээр тусчээ. Тухайн үед энэ замын тендерийг авч байхад нэг км замыг 120-140 сая төгрөгөөр барьдаг байж. Харин эдийн засгийн хямралд орсноор шатахуун түлшний үнэ өсөхөөс эхлээд нэг км замын өртөг нь 460 сая төгрөг болтлоо өсчээ. Үүнээс болоод замын компаниудын хувьд хүнд байдалд орсон байна. Харин энэ бэрхшээлийг хэрхэн давж, энэ замыг дуусгасан тухайгаа Б.Гарамгайбаатар гуай, “Зам барихад олон хүчин зүйл шалтгаалдаг. Бид зөвхөн гүйцэтгэгч. Зам барихын тулд зураг төслийн дагуу хийх учиртай. Автозамын хяналтын дор ажлаа гүйцэтгэдэг. Бидний зүгээс хийх ёстой бүхнээ хийсэн. Хуучин үнээр тооцвол 10 гаруй тэрбум төгрөг зарцуулагдсан. Үүнээс гадна маш их хэмжээний мөнгөний эх үүсвэр гарсан. Гэхдээ үүнийг хэрхэн шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Аж ахуйн нэгж байгууллага ашгийн төлөө ажилладаг. Ашиггүй ажиллана гэж байхгүй. Бид түүний төлөө зүтгэнэ. Засгийн газраас зөрүү олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Би ч гэсэн зөрүү олгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ байдал юунаас үүсэв гэдгийг гаргаж ирэх ёстой. Түүнээс хавтгайруулсан зөрүүг олгоно гэдэг бол байж болохгүй зүйл. Харин Засгийн газар ямар үед энэ замыг яаж барив гэдгийг л бодох хэрэгтэй” хэмээв.
Хануйн гүүрнээс Их тамир сум хоорондох 37.6 км хатуу хучилттай замыг мөн л энэ өдөр ашиглалтад оруулж, хөдөлгөөнийг нээлээ. 2008 онд эхэлж гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан энэ замыг “Хурдны зам” компани барьсан байна. Энэ замыг техникийн болон улсын комиссынхон хүлээн авч онц дүн тавьжээ. Нийтдээ 5.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригджээ. Дээрх хоёр хэсэг замын хувьд гурван жил гаруйн хугацаанд баригдаж ашиглалтад орсон бол жил гаруйхан хугацаанд гүйцэтгэсэн бас нэгэн замыг нээж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр нар тууз хайчилсан юм. Энэ бол Хархоринг Цэцэрлэг хоттой холбосон 29.9 км зам юм. “Алтайн зам” компани энэ замыг жил гаруйхан хугацаанд барьж дуусгажээ. Улсын төсвөөс 7773.9 сая төгрөг гаргажээ. Энэ замыг хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн салбарын сайд Х.Баттулга, “Зам дагаж хөгжил гэдэг. Тэгэхээр хөгжлийн замаа дагаж Архангайчууд, баруун аймгийнхан маань хөгжлийнхөө хурдыг улам эрчимжүүлэх байх гэдэгт итгэж байна. Хөгжил дэвшил ирнэ гэдэгт найдаж байна” хэмээсэн.
Аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, “ЗТБХБ-ийн сайд маань зам дагаж хөгжил ирнэ гэж хэллээ. Энэ замыг дагаж Архангай аймагт хөгжил дэвшил ирж, бүтээн байгуулалт өрнөнө гэдэг би итгэхгүй байна. Энэ хөгжлийн замыг барьж байгуулахад бодлогын болон хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа уламжилъя” гэснээр Улаанбаатар Архангайг холбосон хатуу хучилттай хөгжлийн зам бүтнээрээ ашиглалтад оров. Монгол Улсын Засгийн газрын аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт дэвшүүлсэн аж. Үүний хүрээнд найман аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоод байгаа бол ес дэх нь Архангай аймаг болж байгаа юм. Сайхан замтай болох нэг хэрэг. Харин энэ замыг ариг гамтай хэрэглэж, хайрлаж хамгаалах нь нэн чухал. Жолооч нар, зам дээр шороо чулуу асгах, тос, бензин шатахуун асгахаас эхлээд замыг сүйтгэдэг аж. Түүнчлэн хатуу хучилттай замын хамгийн гол дайсан бол дизель түлш байдаг аж. Дизель түлш асгасан газар химийн урвалд орж амархан эвдэрдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж, Архангай аймгийн зам арчлалын АЗЗА компанийнханд захиж байсан.