-Энэ жил ашиглалтад орох ёстой замаас хэд км нь ашиглалтад оров?
-Манай улсын хэмжээнд 2008 оноос хойш ажил нь явж байгаа 3000 гаруй км зам байгаа. Харин энэ жилийн хувьд 1100-1200 км зам ашиглалтад орж байна. Үүний нэг нь Архангай руу чиглэсэн зам юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо. Цаашид үргэлжлүүлээд баруун аймгуудыг холбох ажил үргэлжилнэ. 2008 онд Засгийн газар байгуулагдаж 2010 онд бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавиад ажиллаж байгаа. Үүний өмнө Мянганы зам буюу хэвтээ чиглэлийн замын ажил хийгдэж байсан. Түүний л үргэлжлэл гэсэн үг.
-Үнийн өсөлт маш их хэмжээгээр гарсан шүү дээ. Үүнээс болоод замын компаниудын чадамж муудаж, тавьж байгаа зам удааширч байна гэж замчид ярьж байна л даа?
-Үнийн зөрүү асар их гарч байна. 2012 онд нэг км хот хоорондын замын өртөгийг 420-460 сая төгрөгөөр тооцож байна. 2007, 2008 онд нэг км замын өртөг 120-140 сая төгрөгийн өртөгтэй байсан. Яагаад замын өртөг өсөөд байна гэхээр зам тавьж байгаа бүтээгдэхүүний 80-90 хувийг импортоор авч байна. Өөрөөр хэлбэл, бүх л түүхий эд нь гадаадаас хараат байгаа юм. Энэ үнийн өсөлтийг үндсээр нь цэгцэлж барахгүй. Харин замын битум, цемент, арматур гэх мэтийг дотооддоо үйлдвэрлэж байж үнийн өсөлтийг төсөөлөх боломжтой болно. Гэхдээ замчид маань хүнд үеийг давж гарлаа. Үнийн зөрүүний дутуу мөнгийг улсын төсөвт суулгаж өгөх ёстой. Одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн 14.5 тэрбумыг өгсөн. Үлдэгдэл мөнгийг улсын төсөвт суулгаж чадахгүй л явна.
-Замын стандартын тухай ярьж байна л даа. Хөрөнгө мөнгө дутуугаас болоод манай дарга өргөнөөс нь, танай дарга зузаанаас нь идсэн гэх мэтээр замаа стандартын дагуу барьж чадахгүй байна гэх юм?
-Замтай холбоотой тооцоолоогүй зүйл их гарч ирсэн. Үүний нэг нь уул уурхай холбоотой тээвэр гарч ирж байгаа юм. Уул уурхайд 50-60 тонн, бүр 100-120 тоннын даацтай машинууд явж байна. Үүнээс гадна машин хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Ингэхээр хуучны замын стандартыг мөрдөж болохгүй болоод байна. Бидний хувьд Засгийн газраас үүрэг өгсний дагуу ажлын хэсэг байгуулж, хот хоорондын зам, хот доторхи зам, уурхайн зам, уурхайгаас хил рүү чиглэсэн зам гэсэн энэ стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.
-Ирэх жил аль аймгуудыг хатуу хучилттай замаар холбох вэ?
-Ирэх жилийн хувьд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн 107 км зам ашиглалтад орно. Мөн Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн зам ашиглалтад орно. Харин зүүн чиглэлд Хэнтий-Дорнодын замыг ашиглалтад оруулах болно.