BHP-д 140 мянган га-г хамгаалалтад авахыг даалгав

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

BHP-д 140 мянган га-г хамгаалалтад авахыг даалгав

“BHP Billiton” компани Австралийн Өмнөд хэсгийн Олимпик Дам хэмээх сав газарт хэрэгжүүлж буй дэлхийн хамгийн том зэс, алт, ураны ордтойд тооцогдох төслийнхөө олборлолтын хэмжээг дөрөв дахин өргөтгөхөөр Холбооны Засгийн газарт холбогдох баримт бичгийг өргөн бариад байсан юм. Энэхүү саналыг тус улсын Холбооны Засгийн газар удаан хэлэлцсэний эцэст, өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Тогтвортой хөгжил, ус , хүн ам зүйн сайд Tony Burke тус компанийн төслийг өргөжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгасан Байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Засгийн газар баталсныг мэдэгдсэн байна. 

Тэрбээр “Бидний шийдвэр “Олимпик Дам” төслийг өргөтгөхөөр өргөн барьсан саналыг нарийн нягт шинжилж дүгнэсэн үнэлгээнд үндэсэлж, уг төслийг өргөжүүлэх тухайд гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний талаар олон нийтийн гаргасан санал шүүмжлэл болоод хараат бус шинжээчдийн саналыг харгалзаж үзсэн” тухай тэмдэглэжээ. Мөн тус компани уг төслөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тавьж буй байгаль орчны 100 шаардлагыг хэрэгжүүлэх ёстой. Тус компанийн саналыг батлах явцад Австралийн цацраг идэвхт туяанаас хамгаалах асуудал хариуцсан газар, Цөмийн аюулгүй байдлын газар болон бусад геологийн судалгааны газрууд хяналт хийснийг мэдэгджээ. Мөн тэрбээр “ураны олборлолт, биологийн төрөл зүйлийн хамгаалал, гүний усны талаарх дэлхийн байгаль орчны хамгийн нарийн стандартуудыг хэрэгжүүлэхийг тус компанид даалгасныг” онцолжээ.

Уг компанид тавьсан 100 шаардлага нь Австрали улсын түүхэнд байгаагүй байгаль орчны өндөр шалгуур гэдгийг тэрбээр онцолжээ. BHP Billiton “Олимпик Дам” төслөө өргөжүүлэх саналыг 2010 оны арванхоёрдугаар сард Холбооны Засгийн газарт 15 мянган хуудас бүхий сайжруулан боловсруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өргөн барьсан юм.

Уг төслийг өргөжүүлэх ажлыг нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байсны зэрэгцээ судалгаа шинжилгээний байгууллагууд цацраг идэвхт хаягдал агаар, усыг бохирдуулах замаар нутгийн экосистемд ноцтой аюул учруулна гэж анхааруулж байсан юм. Гэсэн ч Холбооны Засгийн газар уг төслийг өргөжүүлэхээр санал нэгдлээ. Гэхдээ “BHP Billiton” Олимпик Дам төслөө өргөжүүлэхийн тулд эхлээд 100 шаардлагыг нарийн нягт биелүүлэх ёстойг сайд Tony Burke онцолжээ. Үүнд 140 мянган га газрыг байгаль орчны хамгаалалтад авах заалт багтаж байна. Энэ нь Олимпик Дам төслийн үйл ажиллагаа явуулах нийт талбайгаас 8 дахин их талбай юм.

Уг төсөл хэрэгжсэнээр 14000 мянган ажлын байр бий болох юм. Компани ирэх 30 жилийн хугацаанд төслийн өргөтгөлийн дүнд үйл ажиллагаагаар олсон ашгаас нийтдээ 45 тэрбум долларыг Австрали улсын эдийн засагт оруулах тооцоо гарчээ. Уг төслийг өргөтгөснөөр төслийн одоогийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, жилдээ 72 сая тонн хүдэр боловсруулж, 750 мянган тонн цэвэр зэс, 10 мянган тонн ураны оксид, 800 мянган унци алт, 2.9 сая унци мөнгө үйлдвэрлэх ажээ. Өргөтгөлийн ажлыг компани ирэх жил эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Oлимпик Дам төсөл нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчийн нэг болох нь тодорхой байна. Төслийн олборлолтын үргэлжлэх хугацаа 30 жил байна гэж тооцож буй юм.

Гэхдээ тус компанийн хэрэгжүүлэх гэж буй төслийн дүнд цацраг идэвхт хаягдал хүрээлэн буй орчныг сүйтгэх аюулыг эрдэмтэд, судалгааны байгууллагууд хатуу анхааруулсаар байна. “Friends of the Earth” байгууллагын мэдэгдэж буйгаар Засгийн газрын баталсан уг төслийн дүнд жил бүр 8 сая тонн цацраг идэвхт шингэн хаягдал газрын гадарга дээр ил хаягдах ажээ.

Б.Төгсбилэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж