”Л.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

”Л.Гансүхэд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой”

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Парламентад суудалгүй нам, хөдөлгөөний саналыг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудал юу болов. Өнгөрсөн долоо хоногт та бүхний УИХ дахь хоёр намын бүлгийн ажлын хэсгийнхэнтэй хийсэн уул­залт үр дүнд хүрэхгүй байгаа харагдсан?

-Бид асуудлыг илүү шударга болгох үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Төсөлд УИХ-ын 2012 оны сонгуулийг 76 мандаттай  томс­госон нэг тойргоор явуулъя гэж тусгасан. Мөн сон­гуулийн бие даасан шүүх байгуулъя,  булхай, луй­вар хийсэн төрийн албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, дахин төрийн албанд ажиллах боломжийг нь хязгаарлая гэсэн. Хамгийн сүүлд нь шударга хяналтын системийг бий болгохын тулд сонгууль зохион байгуулах бүх шатны байгууллагад парламентад суудалтай нам, парламентад суудалгүй нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудын  тус тус гуравны нэгийн төлөөллийг оруулъя гэсэн санал оруулсан.

Зарчмын саналуудыг төдийлөн ярилцаагүй байна. Саналын зөрүүтэй зүйл олон байгаа. УИХ дахь хоёр намын бүлэг “Бид Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр маш удаан ажилласан. Тиймээс энэ шийдвэртээ дахин гар хүрмээргүй байна” гэсэн. 

-Зөвшилцөлд хүрч чадах болов уу?

-Одоо хэлэлцэж байгаа Сон­гуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд алдаатай зүйл их бий. Энэ нь заль юм шиг харагдаж байна. Нийт тойргийн 48 нь мажоритари, 28 нь пропорцианаль гэж байгаа. Пропорцианалийг нь намын нэрээр авна гэж байгаа юм. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн заалт. Үндсэн хуулийн Цэц дээр очоод буцаагдах магадлалтай гэсэн үг. Тэгэх юм бол хугацааны хувьд дахин шинэ хууль хэлэлцэх боломжгүй болно. Улмаар сонгуулийг хуучин Сонгуулийн тухай хуулиар явуулах болно гэсэн үг. Энэ мэтчилэн асуудал байна. Тиймээс л “Бие биенээ зальдах гээд яах вэ. Хамт сууж байгаад ярилцъя, санаа оноогоо хэлэлцье” гээд байгаа юм. Ямар ч байсан ойлголцохыг хичээнэ. Уулзаж болох бүх хүнтэй уулзаж, бүх шат дамжлагаар нь уг асуудлыг оруулна.

-Сонгуулийн тухай хуулийг энэ чигээр нь баталбал жижиг нам, иргэний хөдөлгөөн, бие даагч нарын сонгогдох магадлал багасна гэж хэлэх хүн ч байгаа?

-Иргэд сонгодог. Харамсалтай нь өгсөн саналыг нь луйвардчихдаг юм. Бидэнд мөнгө байхгүй учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг авч чаддаггүй. Харин олигархиуд өөрсдийгөө дураараа сурталчилдаг, мөнгө тараадаг. Дээрээс нь сонгуулийн хэсэг, хороон дээр ажиллаж байгаа хүмүүст авлига өгдөг. Энэ системийг гудамжинд байгаа шударга хүн нураах бололцоо огт байхгүй. Асуудал үүнд л байна. Үүнийг сууриар нь өөрчлөх шаардлагатай. Түүнээс биш бид  УИХ-д орох гэсэндээ тэмцэл хийгээгүй. Ганц нэг хүн сонгуульд яллаа гээд үүний эсрэг ажиллаж чадах нь юу л бол. Тийм учраас л системийг тэр чигээр нь өөрчлөх гээд байгаа юм. Сонгуулийн тухай хуулийг хэн нэгэн гаргах, гаргахгүй талаар ярьж байгаа асуудал ч биш.

-Булхай, луйвар хийдэг гэж хүн бүр ярьдаг. Та АН-ын гишүүн байсан хүн. Тэр үед ийм зүйл ажиглагддаг байв уу?

– Тэр үед харьцангуй гайгүй байсан. Ардчилсан намыг ардчилал гэж хардаг байлаа. Энэ нам сонгуульд ялчихвал сайхан болно гэж боддог байсан. Залуу хүүхдийн бодол байж л дээ. Гэтэл тийм биш байсан. Ардчилсан нам сөрөг хүчин байсан бол, шударга үнэний төлөө зарчимтай ажилладаг байсан бол би одоо ч гишүүн нь хэвээр байх байсан. Гэтэл Үндсэн хууль зөрчиж хамтарсан Засгийн газар байгуулахаар нь үнэхээр гайхсан. Одоо энэ нам олигархийн эд эс, гол багана болсон. Ардчилсан намд энэхүү хямралаас гарах боломж бараг байхгүй. Тиймээс Монгол Улсад хүчний дахин хуваарилалт зайлшгүй шаардлагатай юм. Ийм тохироо аажим аажмаар бүрдэж байгаа. Нэг л өдөр хүчтэй задрал явагдах байх. АН-ын нөлөө бүхий, гол бодлогыг нь барьдаг байсан хүмүүс гарч явсан. МАН-аас МАХН задарч гарсан. Тиймээс одоо нам, намаараа хуваагдах ёсгүй. Харин хэн нь шударга үнэний төлөө байна, хэн нь үүний эсрэг байна гэдгээрээ хуваагдах ёстой. 

-Таныхаар та болон Н.Энхбаяр, М.Энхсайхан нар  “Шударга үнэний төлөө” гэсэн хэсэгт нь орох нь ээ?

-Бид “Энэ нийгмийг өөрчлөхийн төлөө” гэдэг байр суурин дээр хуваагдсан хүмүүс. Энэ байр суурь дээрээ олон хуваагдах хэрэггүй гэж үзсэн. Улс орны эрх ашгийн төлөө, одоогийн нийгмийг өөрчлөхийн төлөө гэдэг дээр санал нэгдсэн хүмүүс. 

-Н.Энхбаяр дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын дунд үүссэн асуудал эрх барьж байсан хүмүүс бие, биенийхээ хийсэн хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг юм байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа. Хэрвээ Н.Энхбаяр даргын ярьж байгаа үнэн бол шүү дээ?

-Нэг зорилгын дор нэгдсэн, нэг зүйлийн төлөө хамтран зүтгэж байгаа хүмүүс бие, биенээ тодорхой хэмжээнд өмгөөлж, хамгаалсан зүйл байсан байна. Н.Энхбаяр дарга надад “Буруу зүйл хийжээ. Хамгийн дэмий юм чинь энэ байдаг юм байна” гэж байсан. Бас “Тухайн үед Ц.Нямдорж  надад асуудал тавьж орж ирж байсан. Би тэгэхэд нь “Энэ ямар учиртай юм бэ. Албан тушаалаа өгж байгаад бүх асуудлаа шалгуулбал яасан юм бэ. Тэгэхгүй бол олон хүний дунд эвгүй байдалд орно. Нэг зүйлийг амлая. Хэрвээ шалгуулаад гэм буруугүй байвал албан тушаалдаа эргээд ирээрэй” гэсэн” гэж ярьж байсан. Гэтэл Ц.Нямдорж сайд “Та миний эсрэг зүйл ярьж байгаа хүмүүсийн үгэнд итгэж битгий надаар тоглоорой. Улс төрийн тоглоом яваад байна” гэж гуйсан юм билээ. Тэгэхэд нь Н.Энхбаяр дарга “Нээрээ тийм юм болов уу. Хамтарч ажиллаж байхад нэг нэгэндээ итгэх итгэлцэл байх ёстой” гэж бодсон юм байна л даа. МАХН-ын дарга Н.Энхбаяр ийм алдаа гаргасныг үгүйсгэхгүй.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй холбоотой хэрэг юу болж байгаа бол. Та нөхрийнхөө хамт давж заалдах шатны шүүхэд хандана гэж байсан?

-Энэ долоо хоногт шүүхийн шийдвэр гар дээр ирнэ. Үүнээс хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Үүнийг улс төрийн зорилготой томоохон ажиллагаа гэж харж байна. Өчигдөр /уржигдар/ өмгөөлөгдчийн баг бидэнд хандсан. Тэд “Стратегийн өмгөөлөл хийе. Зөв талд байгаа хүмүүсийг нэг, нэгээр нь түүдэг болжээ. Улс оронд ийм нөхцөл үүсч байгааг хүлээн зөвшөөрч боломгүй байна” гэсэн. Тиймээс шударга үнэний талд байгаа залуу өмгөөлөгчид нэгдээд стратегийн өмгөөлөл хийе гэж шийдэж л дээ. Зөв сэтгэл, зөв зорилготой залуучууд байна лээ.

-Таныг болон таны гэр бүлийн хүнийг өмгөөлөх юм уу?

-Тэдгээр залуучууд Н.Энхбаяр дарга бид хоёртой уулзсан. Дараагийн удаа хэнийг ч улс төрийн ажиллагааныхаа хохирогч болгох юм билээ. Тиймээс улс төрийн шалтгаанаар гэмт хэрэгтэн болгох, цаашлаад сонгуульд нэр дэвших боломжгүй болгох гэж оролдож байгаагийн эсрэг ажиллах юм. Стратегийн өмгөөлөл нь асуудлын цаана хэн байгаа, ямар зорилгор хийсэн зэргийг илрүүлж олон түмэнд таниулах зорилготой юм билээ. А.Баатархуяг бид хоёр “MCS”, “Оюутолгой” компани болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай холбоотой томоохон авлигын хэргийг дэлгэсэн. Гэтэл үүнийг нэг сайдын байшингийн асуудал болгоод хувиргачихаж байгаа юм. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн тал хувь нь “MCS” компанийн барьсан байранд орсон гэдгээс авахуулаад асуудал их байна шүү дээ.

-Та Л.Гансүх сайдын ард аль нэг улс төрийн хүчин, бүлэглэл байгаа гэж үзэж байгаагаа хэлж байсан. Тэгэхээр багагүй эсэргүүцэлтэй тулгарах байх даа?

-Асуудал хэзээ нэгэн цагт цэгцэрч таарна. Намайг ялтан болгох шийдвэрийг бүх шатны шүүх гаргах юм бол би УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох боломжгүй болно. “Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг” гэж үг бий. Миний хувьд эцсийн шийдвэр гарах хүртэл шүүх байгууллагад найдсаар л байна. Хэрвээ “Гэмт хэрэг хийсэн” гэвэл цаашаа ярих асуудал байгаа.

-Ямар асуудал вэ?

-Сонгуульд нэр дэвших нь чухал биш. Шударга үнэнийг тогтоох тухай  ярина. Энэ асуудлыг тавьсан хүн яахаараа ялтан болж, амьдралаараа хохирох ёстой юм бэ. Яах вэ, намайг хорлож байгаа нэг хэлбэр л дээ. Би олон жил улс төр хийж, тэмцсэний үр дүнд тодорхой амжилтад хүрсэн. Ирэх оны сонгуулиар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнүүлнэ. Гудамжинд тэмцэж явсан үнэнч шударга дуу хоолойг парламентын танхимд оруулаад зогсохгүй ажил хэрэг болгодгийн даваан дээр намайг хорлож байна гэж харж байгаа. Л.Гансүх сайд үүнд аль нэг хүчний гар хөл болж оролцож байгаа байх. Тиймээс асуудлын гүн рүү орно. Бид Л.Гансүх сайдтай эрүүгийн хэрэг үүсгүүлнэ.

-Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж байгаагаа тодруулахгүй юу?

-Л.Гансүх сайд мөрдөн байцаалтын нууцыг нийтэд дэлгэсэн. О.Магнайгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад хавтаст хэргээс нь хэд, хэдэн материал авч телевизийн нэвтрүүлэг болгон цацаж байсан.  Мөн шүүх хурлын дараа ярилцлага өгөхдөө А.Баатархуяг бид хоёрыг мөнгө авсан мэтээр ярьсан. Тэр үүнийгээ нотлох ёстой. Ер нь бол гудамжинд тэмцэж байгаа иргэний нийгэм, хөдөлгөөнийхнийг хэн нэгнээс мөнгө авсан мэтээр ярьдаг болсон. Тиймээс “Бүгдээрээ нотлуулъя” гэж ярьж байгаа юм. Хүмүүс О.Магнайг, Ж.Батзанданг, Г.Баасан эгчийг хараагаад байдаг. Үүнийг би хүлээн зөвшөөрдөггүй. Хүмүүс юмыг амархан мартдаг болж. Хэрвээ санаж байгаа бол иргэний хөдөлгөөнийхөн Монгол Улс Оюутолгойн хоёрхон хувийг эзэмших гэж байхад тэмцэж байж 34 болгосон. Бидний гудамжны тэмцлийн үр дүнд энэ бүхэн бий болсон юм шүү дээ.

-Гудамжинд тэмцэж явсан иргэний хөдөлгөөн, иргэний нийгмийн төлөөллүүд намд элсэх боллоо. Хамгийн сүүлд “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав МАН-д элслээ. Үүнийг та хэрхэн дүгнэдэг юм бол?

-Би нэг эгнээнд хамт тэмцэж явсан нөхдийнхөө талаар муу үг хэлэхгүй. Гудамжнаас нь эхлээд бүх шатанд ороод зовлон жаргалыг нь үзээд, туулаад явахад буруу зүйл байхгүй.  Нам дотор нь ороход ямар байдаг, юу нь сайхан байдаг, хүмүүс яагаад намд орох гэж тэмүүлдгийг дотор нь ороод үзэг л дээ. Миний найзууд байр сууриа зөв эзлээд, өөрийн үзэл бодлыг илэрхийлээд явж байг. Хаана байх нь хамаагүй. Юу нь сайн, юу муу, намд орохоор яадаг юм, МАНАН-д орохоор яадаг юм гэдгийг биеэрээ мэдрээд явах нь буруу биш. Гэхдээ ямар зорилгоор намд элссэнийг нь мэдэхгүй байна. Уг нь хүчээ нэг талд төвлөрүүлбэл хэрэгтэй байсан. Гэхдээ тухайн хүний сонголт шүү дээ. Бидэнд ч гэсэн “Намд элсээч” гэсэн санал ирж л байсан.

-Чухам аль намаас санал ирсэн юм бэ?

-АН болон МАН-ын аль алинаас нь ирж байсан.

-Өнгөрсөн бүтэн сайнд МАН-ын шинэ байранд гал гарсан. Тус намынхан “Гадны нөлөө байна” гэж байх шиг. Хардалт төрүүлсэн хүмүүсийн тоонд нь та бүхэн орж байж ч мэдэх юм?

-Тэр байр зөвхөн МАН-ынх биш. Хувь заяа цаанаас нь хараад байна шүү дээ. Энэ бол төсвийн зургаан тэрбум төгрөгөөр  барьсан байр. Хамгийн ядуу иргэний төлсөн татвар тэнд явж байгаа. Тиймээс МАН ганцаараа эзэмшиж болохгүй. Тус намынхан уг байранд дэлгүүр оруулаад, өөрсдөө түрээсийн мөнгийг нь идээд явж болохгүй. Бусад нам, улс төрийн хүчин, иргэний нийгмийн төлөөллүүд ч тэнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хэрвээ МАН-ынхан дангаараа үйл ажиллагаа явуулаад, элдэв байгууллагад түрээслээд, мөнгийг нь идээд сууж байх юм бол ямар хэмжээнд ялзарсан, үнэт зүйлээ уландаа гишгэснээ харуулсан үйлдэл болно. О.Магнай, А.Баатархуяг бид нарыг хамт байхад “Тусгаар тогтнолын ордон”-д гал  гарсан. Тиймээс “Бид хамт байсан шүү. Хамт байснаа гэрчилнэ шүү” гээд хошигноод сууж байлаа. Болохгүй газар болохгүй хүмүүс орж суусан гэдгийг хувь заяа харуулж байх шиг байна шүү. Бид уг ордонд бусад нам, иргэний хөдөлгөөнийхнийг оруул гэсэн шаардлагыг тавина. Тавьсаар ч байгаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж