Ираны эсрэг дахин хориг тавив

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Ираны эсрэг дахин хориг тавив

Ираныг цөмийн зэвсэг туршиж буй гэж сэжиглэн АНУ, Их Британи, Канад өчигдөр тус улсын эсрэг шинэ хориг тавьжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны мэдэгдсэнээр уг хориг арга хэмжээ Ираны петро химийн үйлдвэрлэл, газрын тос, байгалийн хийн салбарыг онилж байгаа гэнэ. Түүнээс гадна Иран улсын эрх баригчдын мөнгө угаах ажиллагаанд ч мөн АНУ санаа тавих гэнэ. Хиллари Клинтон холбоотон орнуудаас Ираны эрх баригчдын хууль бус ажиллагаа, орлогын эх үүсвэрийн боомилоход шахалт үзүүлж, хориг тавихыг уриалсан байна. Их Британи Иранаас худалдааны харилцаагаа тасалж, тус улс дахь банкны бүх үйлчилгээг зогсоожээ. Үүнтэй нэгэн адил Канад ч мөн Ираны Засгийн газартай байгуулсан худалдааны харилцааг зогсоож, хатуу хориг тавьсан байна. Ираны эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээ нь Олон улсын цөмийн энергийн газрын ноцтой мэдэгдлээс болсон билээ. Тус байгууллага Ираныг цөмийн хөтөлбөр боловсруулж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр төлөвлөж байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлсэн. Харин  Ираны эрх баригчид дээрх мэдэгдлийг үндэслэлгүй, улс төрийн зорилготой мэдэгдэл гээд цөмийн хөтөлбөр нь зөвхөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зорилготой гэсэн байна. Европын холбоо тус улсын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан бол Франц холбоотон орнуудаас Иранд шахалт үзүүлэхийг уриалж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж