Професи Монголд 600 МВт-ын станц барина

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Професи Монголд 600 МВт-ын станц барина

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй (TSX:PCY) Канадын “Професи Коал” компани Хэнтий аймагт хэрэгжүүлж байгаа “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих зөвшөөрлөө авснаа өчигдөр мэдээллээ. Монголын эрчим хүчний зохицуулах газарт Професи станц байгуулах төслийн холбогдох баримт бичгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн бариад байсан юм. Монголд хамгийн томд тооцогдох энэхүү станцын бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны эхний улирлаас эхлүүлэх бөгөөд ирэх онд хамтран ажиллах байгууллагуудыг сонгох ажээ. Професи энэхүү станцыг 2016 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцоолж байна.

Олон улсын санхүүгийн корпорацийн тооцоолж байгаагаар, эрчим хүчний хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй манай улсын хувьд 2016 онд 600 МВт-ын эрчим хүчний нэмэлт хангамж шаардлагатай болох ажээ.

Професи компанийн барих гэж байгаа уг цахилгаан станц нь Хэнтий аймгийн төвөөс 60 км, Багануур хотоос 150 км-т орших учир эхний ээлжинд станц хотуудыг холбосон цахилгааны шугам тавих ажээ.

Дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Професи Коал” компанийн Монгол дахь охин компани “East Energy Development”  эзэмших юм байна.

Професи компанийн “Чандгана” төсөл нь “Чандгана тал”, “Чандгана хавтгай” хоёр ордыг хамрах бөгөөд ордуудын нийт нөөц нь 1.4 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний баялгаар хэмжигдэж буй юм.

Иймд тус компани цаашдаа уг станцын хүчин чадлыг 4200 МВт хүртэл өргөжүүлж, цахилгааны хомсдолд орж буй Хятадад эрчим хүч нийлүүлэхээр бас төлөвлөж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж