Жүдочид ирэх сард амрах завгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

Жүдочид ирэх сард амрах завгүй

Голландын нийслэл Амстердам хотноо өнгөрөгч амралтын өдөр болсон гран-при тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр эх орондоо ирээд байна. Боломжийн амжилт үзүүлээд нутагтаа ирсэн тэд удахгүй дахин хилийн дээс алхах ажээ.

Ирэх сард Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Дэлхийн цом”, “Их дуулга”, Гран-при тэмцээн болох хуваарьтай. Тиймээс Монголын жүдочдын хувьд энэ оны сүүлийн “тулаанууд” нь дээрх гурван тэмцээний талбарт өрнөх нь. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 2, 3-нд Өмнөд Солонгосын Чежү аралд “Дэлхийн цом”, дараа нь 9, 10-нд Японы нийслэл Токио хотноо “Их дуулга”, улмаар Хятадын Чиндаод 17, 18-нд Гран-при тэмцээн болох юм. Жүдочид энэ сарын сүүлээр Чежүг зорих бөгөөд тэндээсээ шууд Токиог зорьж, Японы шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаад “Их дуулга”-д зодоглох ажээ. Улмаар тэмцээнээ дуусгаад шууд Хятадад очиж, гран-при тэмцээнд хүч үзэх юм.

Дээрх гурван тэмцээнээс чансаа хамгийн өндөр нь “Их дуулга”. Өмнө нь “Кано Кап” нэрээр зохиогддог байсан тус тэмцээний түрүү бөх 300 оноо авах бол мөнгө, хүрэл медалийг 180 ба 120 оноо дагалдана. Харин гран-при тэмцээнд түрүүлбэл 200, “Дэлхийн цом”-д аваргалбал чансаагаа 100 оноогоор ахиулах боломжтой юм.
Эдгээр тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Оюутолгой” компанийн тамирчин Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “Сүлд” спорт хорооны тамирчин Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Лхамдэгд гээд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж