“Эрдэнэт” үйлдвэр дахин анхдагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр дахин анхдагч боллоо

Монголын уул уурхайн хөгжлийн түүхийг илтгэх “Эрдэнэт” үйлдвэрийн парк музейн ажлыг эхлүүлэх ёслол “Эрдэнэтийн овоо” уулын бэлд боллоо. Уг ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, инженер техникийн ажилтан, ажилчид оролцсон. Тус үйлдвэрийн 33 жилийн хөгжил, техник, технологийн шинэчлэлийн түүхийг хойч үедээ үлдээх, түүхэн баримтыг бодит байдлаар нь дэлгэн үзүүлэх, үйлдвэрийнхээ хөгжлийг сурталчлах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон “Манай үйлдвэр” парк музейг бүтээн байгуулах гэж байна. 

Монголын уул уурхайн компаниудын түүхэнд анхных болох энэхүү парк музейг байгуулах санааг тус үйлдвэрт ажилладаг, Донецк хотод сургууль төгсөгчдөөс гаргажээ. Энэ санааг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж, парк музейг байгуулах зураг төсөл нь бэлэн болоод байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 33 жилийн түүх гэдэг Эрдэнэт хотын, цаашлаад Монголын уул уурхайн хөгжлийн түүх гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг хэлсэн. “Манай үйлдвэр” парк музейд уул уурхайн хүчит техник, тоног төхөөрөмж бодит байдлаараа тавигдах юм. “Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж”, “Зууны манлай бүтээн байгуулалт” болсон “Эрдэнэт” үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, үйлдвэрээ 2020 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллаж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн онд улсын төсөвт 560 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн онд 26,1 сая тонн хүдэр боловсруулан, металл авалтаараа үйлдвэрийн түүхэндээ дээд амжилт тогтоосон. Хоногт 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, тасралтгүй ажиллагаатай “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн түүхийг харуулсан парк музей тун удахгүй “Эрдэнэтийн овоо”-ны бэлд сүндэрлэх гэж байна. Дэлхийн ижил төстэй уул уурхайн үйлдвэрүүдтэй харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр чансаагаараа долдугаарт, ази тивдээ тэргүүлдэг. Мөн Ази тивдээ томоохон орох Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор, орон нутагтаа төдийгүй Монголдоо нэгдүгээрт орох Цэнгэлдэх хүрээлэн, дуут усан оргилуур, чулуун хүрхрээ зэрэг томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт хотдоо “Эрдэнэт” үйлдвэр сүндэрлүүлсэн байна. Тус үйлдвэрийн хөрөнгөөр баригдаж байгаа “Эрдэнэт” олон улсын оношлогоо, эмчилгээний төвийн барилгын ажил ирэх оны зургадугаар сард бүрэн дуусна. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, анхдагч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын цалин, нийгмийн халамж, тэтгэмж ч Монголын уул уурхайн салбарт тэргүүлдэг юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж