“Атилла” театрын тайзнаа “амилна”

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

“Атилла” театрын тайзнаа “амилна”

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийг ойд зориулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Тэнгэрийн ташуур” буюу “Атилла” балетаар бэлэг барьж байна. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” хэмээх хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий тус бүжгэн жүжгийн хөгжмийг А.Батдэлгэр бичжээ.

“Тэнгэрийн ташуур” балетын нээлтийн тоглолт энэ сарын 26-нд буюу ирэх бямба гаригт УДБЭТ-т болох юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хаан дэлхийг “чичрүүлж” байсан Ромын хаадын нүүр рүү нулмиж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж байсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хоч хүртсэн байна. “Тэнгэрийн ташуур” балетын нэгдүгээр бүлэг, нэгдүгээр үзэгдэлд Аквилей хотын хаалганы өмнө, Хүннү нар Ромын цэргүүдтэй тулалдаж ялсан, ялалтаа тэмдэглэн Атилла болон түүний шадар туслах Ульдин жанжин нар цэргүүдийн хамтаар Хүннү цэргүүдийн хүч чадал, эр зориг, сүр жавхааг харуулсан сүрлэг сэлэмт бүжиг хийцгээнэ. Атилла цэргүүдээ явуулж, Ульдин жанжны хамт дараагийн тулалдааны төлөвлөгөө боловсруулж байтал гэнэт хэрэмний гол хаалгаар хотын өвгөн жанжин охин Ильдико болон хамгаалагч цөөн тооны торгон цэргүүдийн хамт гарч ирнэ. Тэдний хооронд тулаан үүсч өвгөн жанжин, Ильдико хоёр цэргүүдээ алуулж хоёул Атилла, Ульдин нартай тулалдан Атилла өвгөн жанжинг жадлан хороооно. Эцгээ алдсан Ильдикогийн уй гашуудал, сэтгэлийн гүн хямрал нь аажмаар тэмцэл хорслын галыг бадрааж, эцгийнхээ өшөөг авах тангараг болон хувирснаар “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжиг цааш үргэлжлэх юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж