”Ардчиллын төлөө намуудыг нэгтгэхэд АН-д санаачилга дутаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.22-нд нийтлэгдсэн

”Ардчиллын төлөө намуудыг нэгтгэхэд АН-д санаачилга дутаж байна”

УИХ-ын гишүүн, ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан М.Зоригттой ярилцлаа. 

-ИЗН, НН-ын нэгдлийг тойрсон
маргаан мөддөө дуусахгүй бололтой. Хоёр нам их хурлаасаа нэгдэх шийдвэр
гаргасан гэдэг. Гэтэл О.Бум-Ялагч нарын НН оршсоор  байгааг Улсын Дээд
шүүх нотолсон. Таны хувьд нэгдэх шийдвэрийг анхнаас нь эсэргүүцэж байсан
хүн.

-Намын бүтцийн байгууллагаар асуудлыг
хэлэлцэж байх үед өөрийнхөө байр суурийг гишүүддээ тайлбарлаж байсан ч
Их хуралд цөөнх болсон. Манай нам аливаа асуудлыг нээлттэй ардчилсан
зарчмаар хэлэлцдэг. С.Оюун дарга бид нар өөр өөрсдийн байр суурийг
адилхан л  илэрхийлж  ирсэн. 

-Гэхдээ л Таны байр суурь одоо ч хэвээрээ гэсэн байх аа.

-Ногоон намын үзэл баримтлал манай
намынхаас огт өөр. НН зүүний талыг баримталдаг бол ИЗН барууны, гэхдээ
төв рүүгээ чиглэсэн бодлого баримталдаг. Үзэл баримтлал эрс ялгаатай
хоёр нам ингэж механикаар нэгдэхийг л би эсэргүүцсэн. Зөвхөн гуравдагч
намын төвлөрөл бий болгохын тулд ИЗН, НН нэгдэхийг би дэмжээгүй. 

Дэлхийн аль ч улсын Ногоон намд том,
жижиг байх, Парламентад суудалтай байх үгүй нь чухал биш байдаг. Хамгийн
гол нь энэ намын үзэл баримтлал бие даасан, маш тодорхой байхыг
шаарддаг. Заавал бие даасан, хараат бус байх ёстой юм байна. Гэтэл энэ
чухал үзэл баримтлалыг Монголд байхгүй болгож  байгаад эмзэглэсэн. 

-ИЗНН гэдэг нэр авах асуудал УДШ
дээр гацаад удаж байна. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж байгаа.
Зарим хүн хуулийн хүрээнээс асуудал гарсан. Улс төрийн зорилгоор гацааж
байна гэх. Та бас өөрийн бодолтой байгаа байлгүй…

-ИЗН-ын их хурлын төлөөлөгчдийн олонх нь
хоёр нам нэгдэхийг дэмжсэн. НН-ынхан бас их хурлаа хийгээд тийм шийдвэр
гаргажээ гэж би ойлгож байсан. Тэгээд ИЗН-ын их хурал дээр НН-ынхан орж
ирээд нэгдэх болоод бүртгүүлэхээр болсон юм. Гэтэл НН их хурлаа хийж
чадаагүй юм байна. НН гишүүн биш Д.Энхбатын тойрон хүрээлэгчид тэр их
хурал дээр нь орж ирээд суучихаж. Жинхэнэ НН нь байгаа юм байна гэж УДШ
үзээд О.Бум-Ялагч нарын НН-ыг саяхан хүлээн зөвшөөрлөө гэсэн. НН байсаар
байхад бас нэг НН-ыг ИЗН-тай нэгдсэн гэж үзэж болохгүй биз дээ. 

С.Оюун даргатай ИЗН-ыг байгаа гэж би
үздэг, тамга тэмдэг маань бий. Түрээсэлдэг байрныхаа мөнгийг ИЗН-ын
данснаас төлдөг хэвээрээ л байгаа. ИЗНН гэж байхгүй ээ.

-ИЗНН-ыг УДШ бүртгэж авахгүй нь
бараг тодорхой болов уу. Нэгэнт Д.Энхбат, Э.Зоригт  нарын НН байхгүй гэж
 үзэж байгаа бол тэр хүмүүс хувийн сонголтоороо ИЗН-д элсэж болно биз
дээ?

-Д.Энхбат, түүнийг дагаж манай намын их хурал дээр орж ирсэн хүмүүсийг ИЗН-ын гишүүн болсон гэж ойлгодог.  

-ИЗН АН-д нэгдэх ёстой гэж  байр сууриасаа Та буцахгүй нь ээ дээ.

-Ардчилсан хувьсгалынхаа 20 жилийн ойг
улс даяар, Ерөнхийлөгчийн зарлиг дор өргөн сайхан тэмдэглэсэн нь саяхан.
Хэдийгээр 20 жил өнгөрсөн ч гэсэн Монголын ардчилал баталгаажиж, цаашид
хөгжих хөрсөндөө сууж чадаагүй  байна гэж үздэг. Өнөөдөр монголчуудын
дийлэнх нь ядуу зүдүү хэвээрээ байна.  Монголын ардчилал ийм зүйл
хүсээгүй учраас АН өнөөдөр эдийн засгийн хувьсгал гэсэн үндэсний
хэмжээний том хөтөлбөрийг дэвшүүлж байна гэж ойлгосон. Сонгуулийн хууль,
түүнд хандаж байгаа намуудын байдлыг хараарай. Зөвхөн өөрийн намд
ашигтай зүйлийг л ярьж байна. Монголын ардчиллыг бэхжүүлэхийн тулд
ардчиллын төлөө намууд нэгдэж ажиллах ёстой. Тэгж байж Монголын ардчилал
батжина. 

-Таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Зарим нь нэгдлээсээ гарсан шүү дээ. МСДН байна?

-АН бол ардчилсан үзэлтэй олон намын
нэгдэл. Тийм учраас ардчиллын төлөөх намуудыг өөртөө нэгтгэх,
бэхжүүлэхийн төлөө санаачилгатай ажиллах үүрэгтэй гэж ойлгодог. Арваад
жилд ардчиллын төлөө намууд нэгдэх үйл явц болсонгүй. Тийм учраас АН-ын
одоогийн удирдлага энэ асуудлаар бүх шатныхаа байгууллагаар, магадгүй
ҮЗХ-гоороо ч нээлттэй ярилцахад болохгүй гэх газаргүй.

ИЗН-ын үзэл баримтлал АН-ынхтай үнэхээр
ойролцоо. Тийм учраас АН-д нэгдэх ёстой гэж би үздэг. Монголын улс
төрийн сүүлийн 20-иод жилийн түүхийг харахад АН, ИЗН хоёр шиг ойрхон
явсан нам байдаггүй. Олон сонгуульд хамтарч оролцсон. 2009 оны сонгуульд
ИЗН, АН хамтарч оролцсоны хүчинд ардчилсан хүчний нэр дэвшигч Төрийн
тэргүүнээр сонгогдлоо. 2012 оны УИХ-ын сонгуульд ч хамтарч оролцохоор
 байгуулсан  гэрээ бий. А.Ганбаатарын МСДН гэж байна. Энэ мэт ардчиллын
төлөөх намуудыг нэгтгэхийн төлөө АН-д санаачилга, хариуцлага  дутаж
байна гэж би үздэг. Миний энэ байр суурийг ИЗН, АН-ын олон гишүүн дэмжиж
байгаагаа илэрхийлдэг.  Энэ хүсэл эрмэлзлийг чиглүүлж өгөх лидерүүдийн
идэвхтэй үйл ажиллагаа өнөөдөр АН, ИЗН-ын аль алинд нь дутагдаж байна. 

Манай лидер гээд байгаа улстөрчид Төрийн
ордон тойрсон улс төр л хийгээд байдаг. Орон нутагт байгаа гишүүд,
дэмжигчдийнхээ үзэл бодлыг сонсдог  байх хэрэгтэй. АН, ИЗН-ын жирийн
гишүүд биднээс өмнө сэтгэл санаагаараа нэгдчихсэн шүү дээ. Бид нэг айл
гэж ярилцдаг юм билээ. Энэ бүхнийг олж харах хэрэгтэй. АН, ИЗН-ын
залуучууд хамтраад нэг биш ажлыг сэджээ. Хоёр намын залуучууд шинэ жилээ
хамтдаа хийе гээд яриад явж байна лээ. АН, ИЗН-ын анхан шатны нэгжид
ажилладаг гишүүд хамтарч ажиллахын хэрээр амжилт олж байгааг харсан.
Тэгэхээр ардчиллаа бэхжүүлэхийн төлөө, эгэл жирийн олон мянган гишүүн,
дэмжигчдийнхээ хүсэл эрмэлзлийг мэдрэх цаг болжээ. АН, ИЗН-ын
удирдлагууд энэ асуудлаар байнга уулзаж, ярилцдаг  байх хэрэгтэй. Ийм
ажил дутаад байна.

-Та ИЗН-ын лидерийн нэг. Хэдий цөөнх ч гэлээ өөрөө санаачилга гаргаад энэ үзэл санаагаа намынхандаа ухуулаад явж болоогүй юм уу?

-Энэ асуудлаар ИЗН-ын дарга С.Оюун,
ерөнхий нарийн бичгийн дарга Ганхүү болон Улс төрийн зөвлөлийнхөө зарим
гишүүнтэй нэг бус удаа уулзаж ярилцсан. Сүхбаатар, Дорнод аймгийн намын
хорооны гишүүд маань миний саналыг дэмждэг. Гэхдээ би нам дотроо сэлэм
эргүүлэхийг хүсдэггүй. ИЗН бол өөрийн гэсэн дүрэм, журамтай. 

ИЗН Их хурлаа удахгүй зарлах байх.
Түүнээс өмнө нь намын бүх шатны байгууллага хуралдана. Тэр үеэр өөрийн
байр сууриа гишүүддээ тайлбарлана. Ийм байр суурь илэрхийлэхийг  С.Оюун
дарга болон намын удирдлага намайг хориогүй. Байр сууриа тайлбарла л
гэдэг. Би ч ажиллана гэж бодож байгаа.

-Та ИЗН-ын ерөнхий нарийн
бичгийн дарга, намын нэрээр УИХ-д сууж байсан лидер гишүүн нь. Гэтэл
өнөөдөр зүгээр л сул хүн явж байна. Их хурлынхаа шийдвэртэй санал
нийлээгүй учраас улс төрийн албан тушаалаас татгалзав уу.   Эсвэл намдаа
 шахуулжээ гэж  ойлгох уу?

-Улс төрийн тодорхой албан тушаалгүй
байгаа. ИЗН, НН-ыг нэгдэхийн эсрэг цөөнхийн цөөнх болсон хүн чинь
 намдаа улс төрийн алба хашаад нэгдсэн намыг удирдах нь утгагүй. Тийм л
шалтгаанаар ямар нэгэн албанд ажиллахыг хүсээгүй. Манай нам улс төрийн
соёлыг эрхэмлэдэг. Намынхаа олон хуралд суусан. Хор найруулна гэдэг юмыг
нэг ч удаа үзээгүй. Индэр дээрээс үзэл бодлын уралдаан болсон. С.Оюун
дарга намдаа маш их нэр хүндтэй учраас би бараг ганцаараа цөөнх байсан.

-Таны баталгаатай сонгогдох
тойрог бол Дорнодынх. Гэтэл Таныг аавынхаа төрсөн нутаг Сүхбаатараар
гүйдэлтэй болжээ гэж байна. Сонголт тодорхой болсон гэсэн үг үү?

-Сонгууль ойртсон ч гэсэн нэр дэвшигч
тодордог цаг нь арай болоогүй юм шиг байна. Дэвшүүлэх эсэхийг нам мэднэ.
Тэгэхээр тодорхой зүйл хэлэх боломж алга.

Дорнодод намайг яагаад “дэвшүүлэх” гээд
байгааг би ойлгож байна. 2004-2008 онд тэндээс сонгогдож ажилласан.
Дорнодчуудад талархаж явдаг. Хамтраад олон зүйл бид хийсэн.  УИХ-ын
гишүүн байхдаа зорьж, судлаад эхлүүлж байсан ажлууд маань өнөөдөр
хэрэгжиж байх жишээтэй. Би ч Дорнодоор байнга л явж байна. Монголын зүүн
хязгаар буюу Халх гол сумыг газар тариалангийн экспортын бүс нутаг
болгох  төслийг бид эхлүүлж 3000 га-д хамгийн дэвшилтэт технологи
ашиглаж  тариалангийн ажлаа эхлүүлсэн. Энэ жил  нэг га-гаас 34 центнер
ургац авсан нь том амжилт. 

Сүхбаатар бол миний аавын төрж өссөн
нутаг. Олон ах, дүү нь тэнд бий. Бид гэр бүлээрээ ярилцаж байгаад
“Мөнхчулуун” гэж аавынхаа нэрээр нэрэмжит сан байгуулсан юм. Мэргэжлийн
өвчин судлалын салбарыг Монголд анх бий болгосон хүний нэг нь аав маань.
Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд сангаараа дамжуулж олон зүйл хийж
байгаа. Аавынхаа нутгийн хөгжилд зориулж олон төсөл хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн. Аймгуудаас анх удаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг
Улаанбаатарт хийх, 40-өөд жил болоогүй аймгийн соёлын өдрүүдийг нийслэлд
зохион байгуулахад хамтран оролцсон. Энэ бүхэнтэй холбоотойгоор намайг
Сүхбаатарт нэр дэвших нь гэж тааж байгаа байх.

-Хүчин чадал, технологийн
төвшнөөрөө Монголд гуравт орох кинотеатрыг Баруун-Урт суманд байгуулж
байгаа гэсэн. Үнэхээр “Өргөө”, “Тэнгис”-тэй дүйх театр уу?

-Аавынхаа нэрэмжит 200 хүний суудалтай
кинотеатрыг Сүхбаатарт байгуулж байгаа. Хүчин чадал, дэвшилтэт технологи
ашиглаж байгаагаараа “Тэнгис”, “Өргөө”-гийн дараа  Монголд гуравт орох
том хэмжээний кинотеатр болно. 

Го.ЭНХТӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж