Бэлчээрийн 70 хувь доройтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.21-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн 70 хувь доройтжээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал” сэдэвт нээлттэй сонсгол дууслаа. Тус хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээр хэрхэн цөлжиж, ус хэрхэн багасч буй талаар хөндсөн юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн хэлснээр бол нийт бэлчээрийн 70 гаруй хувь доройтжээ. Зах зээлийн нийгэмд шилжих үе буюу 1990 онд Монгол Улсад 90 мянган малчин 25 мянган толгой мал тоологдож байсан бол одоо энэ тоо хэд дахин өсчээ. Тодруулбал, 160 мянган малчин 37.2 сая толгой мал маллаж байгаа аж. Нийт мал сүргийн 99.2 хувь нь хувийн өмч гэнэ. Мал, амьтны гаралтай өвчнүүд их хэмжээгээр гарах болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн уул уурхайн компаниудын хариуцлагагүй ажиллагаа, гар аргаар алт олборлогчдын харгайгаар мал бэлчээрлэх газаргүй болж, бэлчээрийн талбай багасч буй юм байна. Өнөөдрийн байдлаар бэлчээрийн талбай өмнөх жилүүдийнхээс 9 сая га талбайгаар багассан тухай онцоллоо. Түүнийг дагаад аймагт бүрт ногдох бэлчээр харилцан адилгүй аж. Орхон аймагт 100 га талбайд 771 хонин толгой ногдож байгаа бол Сэлэнгэд 132, Хөвсгөлд 123 хонин толгой ногдох болсон. Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зорилгоор Засгийн газраас хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн ч “Хэлэлцүүлгийн шатанд сайжруулах шаардлага байна” гэж үзсэний үндсэн дээр хойшлуулаад байгаа юм. Ер нь УИХ-ын гишүүдийн хувьд Бэлчээрийн тухай хуулийг батлан гарахын өмнө малчдаар хэлэлцүүлэх зүй ёсны шаардлага байна гэж үзсэний үндсэн дээр хэлэлцүүлгийг хойшлуулаад буй. Ер нь УИХ-аас Бэлчээрийн тухай хуулийг батлахаар өнгөрсөн парламентуудаар хэлэлцүүлж байсан ч “Шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр хойшлогдсоор 10 гаруй жилийг ардаа хийжээ. Тиймээс одоогийн энэхүү Бэлчээрийн тухай хуулийн төсөл ирэх онд шинээр эмхлэн байгуулагдах парламентад шилжихийг үгүйсгэх аргагүй аж.

Монгол Улсын Засгийн газрын хувьд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж иржээ. Тэр дундаа бэлчээрийн усжуулалтыг сайжруулах зорилгоор 1.4 тэрбум төгрөг зарцуулсан бол олон улсын байгууллагаас 21 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Үүнд нийтдээ 150 сая ам.доллар зарцуулжээ. Одоогоор наймаг төсөл хөтөлбөр хэрэгжиж буй гэнэ. Гол нь малчдын хувьд дадлагажих шаардлага байгаагийн зэрэгцээ өвлийн бэлтгэлээ сайн хангах нь чухал болж буй аж. Залуу малчдын хувьд бэлчээрээ сонгож мэддэггүй, малаа мотоциклиор хариулдаг, өвс хадлангаа сайн бэлтгэдэггүй зэрэг нь хатуухан өвөл ирэхэд хотоо харлуулахад хүргэдэг байна. Тиймээс малчдыг мал аж ахуйгаа хөтлөн амьжиргаагаа залгуулдаг болоход туршлага ихээхэн чухал гэнэ.

Түүнчлэн мал аж ахуйн салбарын төдийгүй хүн ардын, аж үйлдвэрийн амин зуулга өдөр тутмын хэрэглээ болсон ус уур амьсгалын өөрчлөлтөөс ширгэж үгүй болж тухай мэдээллийг Усны газрын орлогч дарга өглөө. Монгол Улсын хувьд усаа гурван удаа тоолоод байгаа. Хамгийн сүүлийн судалгаагаар энэ оны төвшинд гол горхи 551, нуур 483, булаг 158-аар ширгэж үгүй болсныг дуулгалаа.
Түүнчлэн ус ашиглаж байгаа газруудын судалгааг нарийвчлан гаргахад Дулааны цахилгаан станц болон уул уурхайн компаниуд нийт хэрэглээний усны 40 хувийг ашиглаж байгаа нь тогтоогджээ. Харин хүн амын усны хэрэглээ 15-16 хувь, хөдөө аж ахуйн салбар нь усны хэрэглээний 12 хувийг эзэлдэг байна. Усны нөөц багасахад уур амьсгалын өөрчлөлтөөс гадна уул уурхайн олборлолт хүний буруутай үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч буйг онцоллоо. Ер нь цаашид усны хэрэглээ талд хэмнэлт гэдэг ойлголтыг бий болгохгүй бол хайр гамгүй зарцуулах жишээ олон байгаа гэнэ. Энэ нь Монгол Улсад ус үнэгүй байгаагийн зэрэгцээ замбараагүй хэрэглээтэй холбогдож буй аж. Үүнийг дагаад усны нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг нээлттэй сонсголд оролцогчид тэмдэглэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж